29/05/2026
🇲🇳🇺🇳Дэлхийн халуун цэгүүдэд хүн төрөлхтний амгалан байдал, энх тайвны төлөө бие сэтгэлээ зориулан үүрэг гүйцэтгэж байгаа болон эх орондоо буцаж ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, цэнхэр дуулгатан дайчид та бүхэндээ “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийн мэнд хүргэе!
Монгол Улсын Зэвсэгт хүчин өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд давхардсан тоогоор 23,000 гаруй цэргийн алба хаагчийг илгээж, дэлхийн хамтын нөхөрлөлийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.
Энэ жилийн баярын өдөр манай улсын хувьд нэн онцлогтой тохиож байна. Бид дэлхийн энхийн үйлсэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ 2006 оноос хойш ажиллагаанд оролцож эхэлсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцооны түүхт 20 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.
Нийт үүрэг гүйцэтгэсэн дайчдын дотор манай эмэгтэй энхийг сахиулагчдын эзлэх хувь тогтвортой өсөж, сүүлийн жилүүдэд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн мотобуудлагын XII-XV ээлжийн цэргийн багууд эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувьд тогтвортой хадгалж, НҮБ-ын эрх тэгш оролцооны стратегийг бодитой ханган, олон улсад жишиг болон манлайлж байна.
Хүн төрөлхтний амгалан амьдралын манаанд бат зогсож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дэлхийн тавцанд бататгаж буй нийт цэнхэр дуулгатан дайчид та бүхэндээ, үүргээ нэр төртэй биелүүлэх боломжийг нь бүрдүүлж бат ар тал болдог гэр бүлийнхэнд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!