02/09/2015
Их эрдэмтний хөшөө төрлөх нутагтаа сүндэрлэлээ
Дорноговьчууд ноён хутагт Д.Равжаагаараа, Өвөрхангайнхан өндөр гэгээн Занабазараараа, Дундговийнхан уртын дууч Норовбанзадаараа бахархдаг бол буурал түүхийн өлгий Сэлэнгэ түмэн маань агуу их эрдэмтэн Б.Ринченээрээ бахархдаг билээ. Нэр эрдэмтний 100 насны ойгоор буюу 2005 оны 07 сарын 06-ны өдрийн МУ-ын ЗГ-ын 153 тоот тогтоолоор Алтанбулаг сумын сургууль түүний нэрэмжит болж байсан юм. Харин 110 жилийн ойгоор нэрэмжит сургуулийн үүдэнд цээж хөшөөг нь босгож мөнхжүүлэх үйл ажиллагаа тохиолоо. Энэ их хүний мэндэлсний 110 жилийн ойг Сэлэнгэ нутаг даяараа өргөн дэлгэр тэмдэглэж байна. 110 жилийн ойг угтаж монгол бичгийн улсын олимпиад, “Б.Ринчен 110” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг Монгол улсын хэмжээн дэх шат дараалсан томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, их үйлс, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлуудыг Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас явуулаад байгаа. Эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, угсаатны зүйч, ардын билэг зүйч, түүхч, байгаль шинжээч, хэл шинжлэлийн ухааны ууган доктор, академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Алтанбулаг суманд хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, БСГ-ын дарга Д.Загдгочоо, ХГБХХ-ийн дарга Д.Оюун, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй нарын албаны хүмүүс, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, палентологийн шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд, ач хүү уран барималч Б.Дэнзэн, ач хүү герман хэл судлаач Б.Лигдэн нарын төрөл төрөгсөд, шавь МУ-ын СГЗ, Ардын уран зохиолч, Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч Т.Галсан, түүхийн шинжлэх ухааны доктор, Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” Ө.Бавуу, МЗЭ-ийн болон Алтан өд шагналт зохиолч яруу найрагч Н.Сүхдорж, ахмад зохиолч Л.Банзрагч нарын зохиолчид оролцлоо.