31/05/2026
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНАА ЦАХИМААР ХИЙЛЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ээлжит бус хуралдаанаа цахимаар зохион байгууллаа.
Хуралдаанаар өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргав.
✅ "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ. Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гудамж, талбай, тоглоомын орчин болон бусад эрсдэлтэй объект, нөхцөл байдлыг илрүүлэн бүртгэж, эрэмбэлэн, үе шаттайгаар арилгах ажлыг улс даяар зохион байгуулж байна.
✅ Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг иргэдээс **E-Mongolia платформын E-Kids цэсээр** хүлээн авч эхэллээ.
✅ Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандартын шаардлага хангасан материалаар хийгдэх ёстойг онцолж, засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс **14 хоногийн өмнө бүрэн дуусгах** үүрэг өглөө.
Өнөөдөр ухсан нүх, хамгаалалтгүй цооног, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайгаас эхлээд тоглоомын талбай, барилга байгууламжийн аюулгүй байдал хүртэл хүүхдийн амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл учруулж байгаа тул улсын хэмжээнд үзлэг, шалгалт, хяналтын ажил үргэлжилж байна.
Хүүхдийн төлөө гаргасан шийдвэрүүдийг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хүүхэд бүрийг аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, хэрэгжилтийн явцыг долоо хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болголоо.