Хашаат сум нь Архангай аймгийн сум юм.
Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуунд харьяалагддаг байжээ. МАН-ын Төв Хорооноос гаргасан 1921 оны 07 сарын 19-ны "Уриа" сонин Түшээт хан хошууны ард олноо хүрч "Эвээ нэгтгэн эрхээ тэгшитгэхийн дурьдатгал" өгүүллийг дуудуулан сонсогч хэн бүхэн үнэний төлөө тэмцэл, хувьсгалын өөрчлөлтийн тухай ихийг ойлгон мэджээ. Ийнхүү 1921 оны 08-р сард нутгийн хэ
сэг ард, намын гишүүн болох өргөдлөө Нийслэлийн Намын Төв Хороонд өргөн барьсанаар өргөдлийг хянан үзээд дэмжиж, Л.Жамъянг төлөөлөгчөөр Түшээт ханы хошуунд томилон явуулжээ. Түүний удирдлагаар "Очирт орон" уулын өвөрт Маньбазарын өргөө гэрт 20-иод хүн цуглан хуралдаад намын гишүүн болцгоож намын үүрийг байгуулж Гончигсүрэнг даргаар тохон, тэмдгийг авахуулжээ. Ийнхүү 1921 оны намар манай суманд хөдөө орон нутгийн хамгийн "Анхны" МАН-ын үүр байгуулагдсан юм. МАН-аас тухайн үед хийсэн гол ажлуудын нэг гэвэл тус хошууны "таглаа" Жамъянгаар толгойлуулсан нутгийн хүмүүс оргодол гамингуудыг "Гамингийн хад" хэмээн нэрлэгдсэн цагаан хаданд бүслэн авч устгасан байна. Ар Хиагтаас зугтсан гамингууд "Улаан хад" хэмээх газар бүгин орогнож байгаад Хашаат, Лүн сумын нутгаар дамжин Эрдэнэзуу, Баруун хүрээ Шанхаар орон зугтахад нутгийн ард замд нь отолт хийж устгах зэргээр тэмцэж байсан олон дурсамж яриа яригдсаар байдаг билээ. Монгол Ард Улсын засгийн газар 1923 онд 39-р тогтоолоор аймгуудын нэрийг өөрчлөн аймгийн чуулганыг яам болгон өөрчилжээ. Ийнхүү засаг захиргааны энэ зохион байгуулалтаар одоогийн Хашаат сум нь Богд хан уулын аймаг, Хангай Хайрхан уулын хошуу нэртэй болжээ. 1930 оны 05-р сарын 27-нд хуралдсан Засгийн газрын хурал орон нутгийн засаг захиргааны байгуулалтанд бас дахин өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцжээ. Ийнхүү 1931 онд БНМАУ-ын засаг захиргааны хуваарь өөрчлөгдөж хуучин 5 аймаг 72 хошуу байсныг 13 аймаг 324 сум болгожээ. Ийнхүү Богд хан уул аймгийн Хангай Хайрхан хошууг Хашаат, Лүн, Хархорины хагас болон хуучин Түшээт ханы хошуугаар бол Хашаат, Шанх, Гурванбулаг, Авзага гэсэн 4 сум, баруун урд захын хэсэг нь Хархорин, Лүн суманд тус тус хуваагджээ. Хашаат нь төвөө "Баян-Үзүүр" хэмээх газар байгуулснаар сумын төвийг "Баян" хэмээн нэрлэгджээ. Архангай аймгийн Хотонт, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Бүрд, Хархорин, Булган аймгийн Гурванбулаг сумдтай залгаа оршдог говь, тал хээр хосолсон шүдлэн говь. Цагаан хад, Номгон, Цайдам, Жаргалант гэсэн дөрвөн багтай. Тарнын элс, (элсэн тасархай гэж ярьдаг) Хөгнө хан уул, Бэрх уул гээд байгалийн үзэсгэлэнт газар, Куль Тегений хөшөө, Хар балгас гээд эртний түүх дурсгалын олдвор элбэгтэй газар. Энэхүү суманд агь, таана, мангир гэх мэт олон төрлийн шимт ургамлууд ургадаг. Нарийн өвс ихтэй тул бог малд их тохиромжтой нутаг. Скайтел болон Мобикомын утасгүй холболт хүрсэн газар. Дэд бүтэцийн хувьд таатай, монголын төв цэгээс холгүй оршдог ба Улаанбаатар хоттой хатуу хучилттай аспалтан замаар холбогдсон.
Сумын нутаг далайн түвшингээс дээш 1200м өндөрт өргөгдсөн, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Нэгдүгээр сарын дундаж температур -200С, долдугаар сарын сарын дундаж температур +180 - +200С, жилд дунджаар 250-300мм тундас унадаг.
Хөгшин Орхон, Тарнын голуудаас гадна Долооно, Ар, Өвөр хөөвөр, Гашуун, Зүлэгтий, Төмөртий зэрэг жижиг гол горхи, булаг шанд, Цайдамын нуур, Цагаан нуур зэрэг хужир элбэгтэй нуур, тойром бүрд, тал газрын уул, нуруу, толгод, хөндий хоолой хосолсон тал хээрийн бүсийн нутаг багтана. Их, бага Номгон, Сайрт, Бэрх, Зараа зэрэг уул нуруутай, тарвага, зурам, хонин гүрвэл, могой, зараа, үнэг, хярс, туулай, мануул, дорго, чоно зэрэг ан амьтад, төрөл бүрийн загастай, тас, сар, бүргэд харцага, тагтаа, шар шувуу, хэрээ, шаазгай, болжмор, зэрэг шувуудаас гадна нүүдлийн турлиах, элээ, галуу, нугас, ангир, хун, тоодог, тогоруу, цахлай зэрэг шувууд зусдаг. Мөн шатдаг занар болон төмрийн хүдэр зэрэг баялагтай. Сүүлийн жилүүдэд гол горхи нь ширгэж хатсан байдалтай болж, ан амьтан нь ховордсон.