08/04/2026
ИХ ЭВ НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Их эв намын улс төрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нь дараахь ерөнхий хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд,
1. Даяаршил ба Монгол иргэншил. Уламжлал дээр суурилсан орчин үетэй зохицсон монгол иргэншлийг цогцлоож хамгаалан хөгжүүлэх тухай санаа тавих цаг болсон байна. Эс бөгөөс Монгол улс устах зам дээр зогсож байна. Сүйрэл төр улсын тухай бус монгол үндэстний тухайд яригдаж байна. Глобальчлал буюу даяаршил нэртэй ижилсэл дор монгол ондоошил алдагдаж, монгол онцлог үгүй болж, монгол монголоо алдах ирмэгт тулаад байна. Даяаршил нь зөвхөн Монголыг бус дэлхийн бусад улс орнууд хийгээд үндэстнүүдийн онцлог, ондоошлыг мартагдан алга болоход хүргэж байна. Үр дүнд нь дэлхийн хүн төрөлхтний тархи сэтгэхүй, оюун ухаан доройтож, сэтгэхүйн болон оюун санааны боолууд болон хувирч байна. Энэхүү аймшигт аюул, эмгэнэлээс хамгаалахын тул монгол үндэсний сэтгэхүй ухамсар, эрдэм мэдлэг, оюун ухаан, соёл түүхийг маш сайн сэргээн хадгалж, хойч үед дамжуулж үлдээх ажлыг хийнэ.
2. Ардчилал болон намуудын тухай. Сонгодог утгаараа ард түмний төр, ард түмний засаг бол ардчилал. Өнөөдөр дэлхийд хэрэгжиж байгаа ардчилал нь ард түмний төр, ард түмний засгийг улс төрийн намаар дамжуулж сонгуулиар байгуулддаг тогтолцоог бий болгосон. Энэхүү тогтолцоо нь Монгол мэт цөөхөн хүн амтай улсад хагарал бутралын эх үндэс, талцаан муудалцлын түлхүүр болж сөргөөр үйлчилж байна. Харин монголчуудын уламжлалт ардчилал нь хүмүүсийг үзэл бодлоор нь гэхээсээ оршин амьдрахуйгаар нь уяж, оршин амьдрахуй дээр нь нэгтгэх замаар ард түмний төр, ард түмний засгийг жинхэнэ утгаар нь байгуулж байсан түүхтэй. Иймд цаашид болж өгвөл улс төрийн намаас татгалзах, иргэдийг оршин амьдрахуйгаар нь холбож уяж нэгтгэсний үндсэн дээр ард түмний төрийг байгуулах буюу ардчилалын шинэчлэл хийхийг зорино. Ингэж чадвал эхний шатанд монголчууд дотроо хагаралдах хуваагдах, хоёр дахь шатанд харь үзлээс салах төдийгүй нийгмийн амьдралын янз бүрийн түвшинд гадаадынхны болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлдэг бүх төрлийн сангуудын элдэв тусламж дэмжлэг, үзэл суртлын янз бүрийн нөлөөллөөс салах юм.
3. Шинэ үндсэн хууль ба Монгол төрийн тухай. Харийнханд үйлчилдэг бус Монгол улс, монгол ард түмэн, монгол үндэстэнд үйлчилдэг төрийн тогтолцоо үгүйлэгдэж байна. Парламентат төр, еронхийлөгчийн засаглалыг тогтоох замаар Үндсэн хуульжуулж колоничилдог харийнхны бодлогын хэрэгсэл болсон өнөөдрийн төрийг уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулах замаар Их засагжуулж, үндэсний эрх ашгаа урьтал болгодог Монгол төрийг цогцлоох цаг ирж байна. Үүний тулд эзэн Чингис хааны төр барьсан ухаан болох төрийн цах найман аялгууг хэрэгжүүлнэ.
Засгийн дээд нь Их засаг
Төрийн дээд нь төвшин сайхан
хэмээх монгол төр барих ухааны охь манлай болсон онол, сургаал, номлол, дэг жаягийг хэрэгжүүлнэ.
4. Үндэсний эдийн засгийн хөгжлийн тухай. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг бус мал аж ахуй, хөдөө аж ахуй, үндэсний үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн оюун ухаанд, мэдлэгт, соёлд суурилсан монгол онцлогтой эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай. Монгол үндэсний баялаг бол монгол газар нутаг, монгол газар шороо, байгалийн баялаг, монгол мал, монгол хүн, монгол хүний хөдөлмөр, монгол хүний тархи сэтгэхүй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжил боловсрол, авъяас чадвар, соёл урлаг бөгөөд түүгээр бүтээгдэх үндэсний үйлдвэрлэл, улмаар дэд бүтэц гэсэн баримтлалыг эдийн засагт хэрэгжүүлнэ.
5. Монгол хүний хөгжлийн тухай. Зах зээлийн харилцаат ардчилсан нийгэм хэмээх нэрийн дор сүүлийн 28 жил Монголд мөнгө төвт нийгэм оршин тогтнож байна. Түүний нөлөөн дор монгол хүний хүн ёс, хүн чанар, хүн сэтгэл, хүнлэг сэтгэл болон ёс суртахуун, үүрэг хариуцлага, итгэл үнэмшил, жудаг нүнжиг, ноён нуруу нэн ихээр алдагдсан. Үүний сөрөг үр дүнд Монголын нийгэмд хүн шиг хүн нэн ховор болсон. Тиймээс алдагдаад, эвдрээд буй энэхүү монгол хүнийг дахин боловсруулах, дахин хүмүүжүүлэх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, "монгол хүн" хэмээх шинэчлэл хийх хэрэгцээ, шаардлага байна. Энэхүү зорилгоор хүн төвт нийгмийг цогцлоон байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
6. Байгаль, экологийн хамгаалалтын тухай. Монголын газар нутгийн нэлээд хэсэг эвдэгдсэн, ухагдсан, цөлжсөн, харийнханы мэдэлд орсонтой холбоотой асуудлуудыг нарийвчлан авч үзэж, түүнийг эргэж сэргээх, хамгаалах, хариуцах зэрэг бүхий л талын боломжит үйл ажиллагаануудыг хэрэгжүүлнэ. Одоогийн явагдаж, хийж байгаа үйл ажиллагаануудыг шинэ шатанд гаргах, нэмж шинэ шинэ үйл ажиллагааг хийнэ.
7. Өрх гэр ба нийгмийн бодлогын тухай. Өрх гэрүүд эдийн засгийн хувьд доройтож, ёс суртахууны уналтад орж байгаа нь Монгол үндэстний оршихуй ба эс оршихуйг хөндөж буй ноцтой асуудал мөн. "Орх гэр бол төрийн амин эрдэнэ" гэсэн Чингис хааны сургаалийг мөрдлөг болгож Монгол төрийн нийгмийн бодлогыг өрх гэр рүү төвлөрүүлнэ. Өрхийн засаглалыг эргэж сэргээн тогтооно.
8. Ёс суртахуун, хариуцлагын тухай. Сүүлийн 28 жил Монгол улс нь хариуцлагын зудад гүн нэрвэгдсэн. Тиймээс нийгэм болон улс орон дотроосоо цэвэрших, дотроосоо өөрийгөө цэвэрлэх тогтолцоо алдагдсан. Тиймээс улс орон маань муу муухай зүйлсийн үүр уурхай болсон. Иймд хувь хүний болон өрхийн, нийгмийн ёс суртахуун болон хариуцлагыг шинэ бөгөөд өндөр шатанд гаргах тусгай бөгөөд эрчимт хөтөлбөр, төлөвлөгөө хэрэгжүүлнэ.
9. Хуулийн хэрэгжилт, шударга ёсны тухай. Бүхий л хуулийг бүхий л түвшинд ижил тэгш хэрэгждэг болгоно. Төрийн албатан хийгээд төрийн өндөр дээд албан тушаалтануудад хуулийг алагчлалгүй үйлчилдэг болгох эрчимтэй ажлуудыг зохион байгуулна.
10. Гадаад бодлогын тухай. Гадаад бодлогод юуны урьд бусад улс орнуудтай эвийг эрхэмлэх зарчмаар ажиллана. Түүнчлэн харилцагч талуудын эрх ашгийг харилцан ижил тэнцүү хэмжээнд, ижил түвшинд авч үзэх зарчмыг баримтална. Гадаад улсуудтай харилцах аливаа харилцаа нь Монгол улсад ашигтай байх зарчмыг баримтална. Мөн глобальчлалын сөрөг үр дагаврыг танин мэдэх, түүнийг сөрөх Монгол төрийн чадамжийг нэмэгдүүлж ажиллана.
Их эв нам нь үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг агуулгын хувьд дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд,
1. орчин үеийн өндөр мэдлэг боловсролтойн дээр зөв, үнэн, шударга, ариун монгол хүнийг хүмүүжүүлэх
2. өндөр ёс суртахуун, өндөр хариуцлага, өндөр боловсрол, өндөр хүмүүжилтэй бөгөөд чинээлэг, аюулгүй, шударга, боловсон монгол нийгмийг цогцлоох
3. жинхэнэ ардчилсан, шударга бөгөөд өндөр ёс суртахуун, өндөр хариуцлага, өндөр сахилга бат, өндөр дэг журам, өндөр мэдлэг ухаан, өндөр чадвар чадамж, өндөр үлгэр дуурайлал бүхий монгол төр, засгийг байгуулах
4. ард түмний их эвийг үүсгэж, нэгдмэл байдлыг бий болгохын хамт монгол үндэсний ухамсар, сэтгэхүйг сэргээн нэмэгдүүлж өөрийнхөө үнэт чанарыг бүрнээ тээсэн монгол үндэстнийг сэргээх
5. ард түмний их эвийн үндсэн дээр нийгмийн бүхий л хүрээ, түвшинд хамтач үзэл, хамтын хариуцлагын тогтолцоог бий болгох
6. үндэсний бүхий л талын нөөц боломжин дээр тулгуурласан, үндэсний онцлогтой, олон тулгуурт, арвич хямгач, өндөр үр ашигтай, бие даасан монгол аж ахуй, монгол эдийн засгийг бий болгох
7. баян чинээлэг, соёлч боловсон, оюунлаг ухаалаг, эрх тааваар, эв нэгдэлтэй, эвсэг хамтач, амар тайван, аз жаргалтай монгол амьдралыг бий болгох
8. ухаалаг, оюунлаг, мэдлэгтэй, мэдрэмжтэй, хурдтай, хүчтэй, арвич, хямгач, үр ашигтай, эгэл даруу, цогц бүтэн монгол хөгжлийг бүтээх
9. Эвийн хүч хамтын хүчинд тулгуурласан орчин үеийн хөгжингүй, хүчирхэг Монгол улсыг сэргээн мандуулах
зэрэг зорилтуудыг Монголын ард түмэн үндэсний нэгдмэл эв санааны үндсэн дээр хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна.