18/11/2024
Нөхөрлөлөөр дамжуулан орлогоо 50 дахин үржүүлдэг болсон малчдын бүлэг 💚👏
Монгол Улсад бэлчээрийн доройтол хүрээгээ тэлэхийн хэрээр малчид байгальд ээлтэй, хариуцлагатай хандлага руу шилжин малын тоо толгойгоо зохистой хэмжээнд барьж, ашиг орлогоо нэмэх арга эрэлхийлж эхэлсэн. Үүний нэг жишээ бол айл саахалтаараа нэгдэж, дэм дэмдээ цөөн малаас их орлого олж буй малчдын нөхөрлөл юм.
Ховд аймгийн Жаргалант Оргил нөхөрлөлийн ахлах Ц.Бүжинлхам “Нөхөрлөлийн гишүүдээрээ бид адаглаж ямаа самнаж, малын хашаа хороо барихад нь нэгэндээ тус дэм болдог. Цаашлаад, малын гаралтай бүтээгдэхүүн урлаж, өрхийн орлогоо солонгоруулж байна” хэмээн нөхөрлөлийн давуу талыг тодорхойлов.
2000 малтай ч орлогоо голчлон ямааны ноосоор бүрдүүлсэн айл байхад Ц.Бүжинлхамынх 400 орчим малтай ч жилийн орлого нь дунджаар 15 гаруй сая төгрөг байх аж. 2023 оны “Малчдын орлого, хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-г харвал 201-500 малтай айлын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого жилийн ₮7.2 сая байхад Ц.Бүжинлхамынх түүнээс хоёр дахин их (₮15.9 сая) буюу мянган малтай айлтай дүйцэж байна.
Ц.Бүжинлхам “Эсгий ширдгийг гэхэд л 5кг хурганы ноосоор хийдэг. Ийм хэмжээний ноосыг боловсруулахгүйгээр борлуулахад ойролцоогоор 10,000 төгрөг болно. Гэтэл бидний нөхөд нийлээд ноосоо өөрсдөө угааж самнаад, машиндаж ширдэг болгоод 450,000 төгрөгөөр борлуулдаг" хэмээн хуучилсан юм.