31/05/2026
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” КИОСКООР ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН БУСАД БАЙГУУЛЛАГЫН ЭЗЭМШЛИЙН КИОСК ТӨХӨӨРӨМЖӨӨР ДАМЖУУЛАН НЭГДСЭН БАЙДЛААР ХҮРГЭХЭЭР БОЛЛОО
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас санаачлан киоск төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд болон систем хөгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцооны нэгдсэн орчныг бүрдүүлэх чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудаас Улсын бүртгэлийн ерөнхий газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг байгууллагууд оролцов.
Харин хувийн хэвшлээс “Гэрэгэ киоск” ХХК, Улаанбаатар төмөр зам ХНН, “Эрхэт инноваци” ХХК, “Смартдата” ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, өөрсдийн киоск төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, үйлчилгээний төрөл, ашиглалтын хүрээ болон байршлын судалгааг танилцууллаа.
Энэхүү уулзалтын үр дүнд төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх киоск төхөөрөмжид “ХУРДАН” киоскоор хүргэж буй 108 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлэхээс гадна бусад төрийн байгууллагын киоскоор үзүүлдэг үйлчилгээ болон иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн 100 орчим шинэ үйлчилгээг “ХУРДАН” киоскод нэгтгэж, хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай, нэг цэгээс авах боломжийг бүрдүүлнэ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам