25/05/2026
🌿 “ҮНДЭСНИЙ НОГООН ЛАБ” ПЛАТФОРМЫН ЭЦСИЙН ШАТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улс 2026 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах түүхэн бэлтгэлийн хүрээнд хэрэгжиж буй “Үндэсний Ногоон Лаб” платформын эцсийн шатны сонгон шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 10-12 төсөл тодрох шатандаа явж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар, Монголын Бизнесийн Зөвлөл болон Монголын Байгалийн Өв Сантай хамтран хэрэгжүүлж буй энэхүү үндэсний хэмжээний платформ нь байгальд суурилсан бодит шийдэл, тогтвортой санхүүжилт, инновацад түшиглэсэн ногоон төслүүдийг хөгжүүлэх зорилготой.
Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь Монгол Улсын санаачилгаар 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласантай холбоотойгоор бэлчээрийн тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, байгаль хамгаалалд чиглэсэн төслүүдэд онцгойлон төвлөрснөөрөө онцлог байлаа.
📌 135 төсөл бүртгүүлснээс
✅ 71 төсөл нэгдүгээр шатанд шалгарч,
✅ 30 төсөл эцсийн шатанд өрсөлдөн төслөө танилцуулж,
🏆 10-12 шилдэг төсөл хөгжүүлэлтийн шатанд шилжин ажиллах боломжтой болно.
Монгол улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт болон иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан эцсийн шатны арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:
“Энэ бол зөвхөн төсөл шалгаруулах үйл явц биш. Харин Монголын ногоон шилжилтийг хурдасгах, орон нутгийн хөгжил, байгаль хамгаалал, тогтвортой амьжиргаа, инновац, шинжлэх ухаан болон хувийн хэвшлийн оролцоог нэгтгэсэн хамтын ажиллагааны шинэ тогтолцоо юм” хэмээн онцлон тэмдэглэлээ.
Монгол Улсын ногоон хөгжил, тогтвортой ирээдүйн төлөө ажиллаж буй бүх оролцогч байгууллага, судлаачид, залуус, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье. Хамтдаа Монголын ногоон шилжилтийг бодит ажил болгоё. 🌱🇲🇳
#ҮндэснийНогоонЛаб #Бэлчээр #НогоонХөгжил