10/04/2026
ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН ДАШЖАМЦЫН БАТТУЛГАТАЙ САЛАХ ЁС ГҮЙЦЭТГЭЖ СҮҮЛЧИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн, зөвлөх инженер, Ардчиллын анхдагч Дашжамцын Баттулгатай 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр салах ёс гүйцэтгэж сүүлчийн замд нь үдлээ.
Дашжамцын Баттулга нь 1961 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрж, 1969-1979 онд Улаанбаатар хотын нэгдүгээр дунд сургуулийг төгсөж, улмаар 1979-1984 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Инженер-Эдийн засгийн дээд сургуульд суралцан Эрчим хүчний инженер-эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Тэрээр
1984-1985 онд Улаанбаатар хотын дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад эдийн засагч,
1985-1989 онд Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн,
1989-1990 онд Дархан хотын дулааны цахилгаан станцад ахлах эдийн засагч, 1990 онд Дархан хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны орлогч дарга,
1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн,
1993-1996 онд Монголын Ардчилсан Холбооны Ерөнхийлөгч,
1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
2001-2005 онд “Галт гарьд” ХХК-ийн зөвлөх,
2005-2010 онд “Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн захирал, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,
2012-2016 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга,
2017-2020 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга,
2022-2026 онд “Эрчим хүч барилга угсралтын трест” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байв.
Дашжамцын Баттулга нь 1992 онд Ардын Их Хурлын 148 дугаар тойрог буюу Дархан хотоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдон шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн батлалцаж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн зүтгэлтэн байлаа.
Төр, засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн юм.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, төр, нийгмийн зүтгэлтэн, зөвлөх инженер Дашжамцын Баттулга таны ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд зориулсан нөр их хөдөлмөр, шударга зан, зарчимч чанар, зөөлөн сэтгэл, эгэл даруу төрх бидний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгсдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.