29/09/2015
Д.ЧИМЭД-ЮНДЭН: ЗАВХАНЧУУД ОЮУНЫ БЯДТАЙ АРД ТҮМЭН
“Монголын ардчилсан хүчний холбоо”-ны баруун бүсийн чуулга уулзалт удахгүй Завхан аймагт болно. Үүнтэй холбогдуулан Завхан нутгаас төрөн гарсан Монгол Улсын генерал Д.Чимэд-Юндэнтэй уулзаж уугуул нутгийнх нь хөгжил цэцэглэлтийн талаар халуун дулаан яриа өрнүүлснээ уншигчиддаа хүргэе.
- Хоёулаа яриагаа таны төрсөн нутгийн талаар эхлэх үү. Завхан аймаг хутагт хувилгаад, эрдэмтэн мэргэд, бичгийн хүн олонтой дуурсах алдар ихтэй нутаг шүү дээ?
-Аймаг бүхэн өөр өөр онцлогтой байдаг. Үүний нэгэн адил Завхан аймаг түүх соёл, байгалийн үзэсгэлэнт газрууд гээд мөн л өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой нутаг. Говь хангай хослосон үзэсгэлэнт байгальтай. Мөнхцаст Отгонтэнгэр хэмээх Монголын ард түмний шүтээн болсон их хайрхан бий. Байгалийн өвөрмөц тогтоц, өндөр уулсаа дагаад ч тэрүү энэ нутгаас оюуны потенциал өндөртэй хүмүүс ихээр төрөн гарсан байдаг. Монголын тамгатай 13 хутагт хувилгаадын арав нь энэ нутаг уснаас төрж тодорсон. Монгол Улсын хоёр Ерөнхийлөгч мөн л энэ нутгаас. Яруу найрагчид байна. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангаас эхлээд өнөө цагт Ц.Бавуудоржоор үргэлжлээд явж байна. Ер нь оюуны бяд чадал ихтэй ард түмэн юм шиг байгаа юм.
-Яриагаа Завхан аймгийн хөгжлийн талаар үргэлжлүүлье. Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Зах зээлд шилжхээс өмнө Завхан аймаг Монгол улсдаа нэлээд том аймаг байлаа. Мал сүргээрээ, хүн амаараа ч тэр. Харин зах зээлд орсны дараагаар хөгжлийн хурд бага зэрэг удааширсан. Завханчууд нүүдэл их хийсэн. Нэг хэсэг нь Улаанбаатарт нөгөө хэсэг нь аймгууд руу эрчимтэй нүүж байлаа.
Энэ нь мэдээж зам харгуй, дэд бүтцээс алслагдсантай холбоотой. “Мянганы зам”, баруун тийш явсан бүтээн байгуулалтууд аймгийн төвөөс жаахан зайтай өнгөрчихдөг. Энэ утгаарай бусад аймгуудтай харьцуулахад хөгжлийн талаар жаахан хоцорч явна даа гэж хардаг. Магадгүй би нутгийн хүний хувьд арай илүү шүүмжлэлтэйгээр харж байж ч мэдэх юм.
-Цаашид Завхан аймгийн хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Маш их ирээдүй бий. Оюуны өндөр чадавхитай энэ хүмүүс тал талаасаа оюун ухаанаа уралдуулж нутаг орныхоо хөгжилд санаа тавих, нэгдэн нийлж орон нутгаа хэрхэн хөгжүүлэх талаар онол практикийн бага хурлыг зохион байгуулах зэрэг ажлууд хийх хэрэгтэй. Нөгөө талаас төрийн бодлого, төсөвт тусгуулах ажлууд ч олон бий. Зам харгуй, гэрэл цахилгаан, дэд бүтцийн ажлууд, гээд.
-Орон нутгийн хөгжил цэцэглэлтэд иргэдийн нутаг орноо гэсэн сэтгэл хамгийн чухал болохыг та хэллээ. Тэгвэл энэ өөриймсөг сэтгэлгээ бас дутагдаад байна уу?
Аймаг, сум бүрийн “Нутгийн зөвлөл” гэж Улаанбаатар хотод бий. Эдгээр төрийн бус байгууллагууд ямар нэгэн нам, улс төрийн зорилгоор биш. Тухайн ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэн, нутаг орноо яаж хөгжүүлэх, яавал уугуул нутгийн иргэдээ ая тухтай, амар тайван амьдруулах вэ гэсэн чиглэл рүү л анхаарч ажиллах ёстой юм. Үүнээс биш хэн нэгний улс төр рүү ороход гүүр болдог газар байж болохгүй. Энэ бол маш хортой зүйл. Үйл ажиллаагаа нь ард түмэн рүү биш, нэг хүн рүү, хэсэг бүлэг улс руу чиглээд ирэхээр ард түмний идэвхи санаачлага сулраад дургүй болчихдог. Ер нь нам болж талцахаасаа илүүтэйгээр нутаг орноо гэсэн сэтгэл дор нэгдэж чадвал илүү их үр дүн гарна гэж хувьдаа бодож явдаг юм. Энэ бол дов жалгын үзэл биш л дээ. Миний сум, миний аймаг, миний хот миний эх орон гэсэн сэтгэлээр хандаж, эх орноо хайрлах сэтгэл сэтгэлгээг хүүхэд багачуудад багаас нь суулгаж өгөх хэрэгтэй. Улсын хөгжил сумаасаа,аль эсвэл иргэн баян бол улс баян гэдэг шиг хүн төрсөн газар шороо, амьдарч байгаа орон нутгаа хөгжүүлье гэсэн л бодол, сэтгэлтэй байх нь чухал юм. Зөвхөн Завхан аймаг ч биш бүх аймгууд иймэрхүү маягаар явбал хөгжил нь хурдтай байх болов уу.
Гадны өндөр хөгжилтэй орнууд, ялангуяа япончууд энэ тал дээр гайхалтай ард түмэн. Ямарч үед миний гудамж, миний хот ... гэж өөриймсөг байж хайрлаж, хамгаалж чаддаг. Яг энэ үзлийг бид залуу үеийнхэндээ суулгаж, чиглүүлж өгөх л хэрэгтэй. Ийм сэтгэлгээ байгаа цагт, орон нутгийн хөгжил, улс орны хөгжил жам ёсоороо хурдацтай хөгжинө.
Манайхан нэг тийм үр өгөөж багатай юмыг хийгээд бүр хэвшил болчихжээ. Ажиглаад байхад сүүлийн үед аймгууд ойгоороо том том суварга, бурхан багшийн дүр бүтээх зэрэг ажилд их хөрөнгө мөнгө зарж байна. Энэ нь мэдээж байх ёстой зүйл. Гэхдээ үүнд тийм их хөрөнгө зарах шаардлагагүй л гэж боддог юм. Үүнийхээ оронд хэдэн цэцэрлэг ч юмуу, иргэддээ хэрэгтэй сургалт эсвэл жижиг дунд бизнес эрхэлж байгаа хэдэн хүнд туслаад өгчихвөл илүү үр өгөөжтэй болно. Ер нь буддын шашинд гол нь багшийг, ном судрыг дээдэл гэснээс биш аливаа хэлбэр, загварт шүтэж мөргө гэсэн юм байдаггүй. Сургааль номыг хүн уншиж, судалж, ойлгож, ухамсарлаж, үйл үйлдэлдээ тусгах ёстой байтал манайхан түүнийг аваачаад хэтэрхий загварт оруулчихсан. Нэг том суварга барилаа гээд мөн чанарыг нь ойлгож ухамсарлахгүй бол юу ч биш.
Д.АМАРТҮВШИН