07/07/2026
МОНГОЛ УЛСАД ОДООГИЙН БАЙДЛААР 6657 СТАНДАРТ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
✅Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг 1995 онд анх баталж, 2017 онд шинэчилэн найруулсан байдаг. Бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж эхэлснээр тэдний чиг хандлага, хэрэгцээ, шаардлагыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар зохицуулах боломжгүй болсон гэдгийг Шадар сайд онцлов. Иймд эрүүл, аюулгүй орчны хэм хэмжээг тодорхойлох, стандартчилах, шинэчлэх, эрх зүйн зохицуулалтыг нийгэм, эдийн засгийн хөгжилд нийцүүлэн сайжруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
✅Монгол Улсад одоогийн байдлаар 6657 стандарт хүчин төгөлдөр байгаа ч тэдгээрийг дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож байгаа аж. Улмаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрсэн тул цаашид стандартыг дагаж мөрдөх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгарчээ.
✅Хуулийн төсөл нь Монгол Улсын хөгжлийн баримт бичигт дурдсан стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн болоод хүн амын аюулгүй байдлыг хангаж, экспортыг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.