10/08/2026
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Бээжин хотын Цаг уурын газраас аадар борооны улбар шар түвшний сэрэмжлүүлэг гаргаж, 8 дугаар сарын 11-ний оройноос 13-ны өдөр хүртэл Бээжин хотын хэмжээнд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгааг анхааруулав. Үүнтэй холбогдуулан тус хотын холбогдох байгууллагаас 8 дугаар сарын 11-ний өглөөнөөс үер усны аюулаас хамгаалах II зэргийн түвшний онцгой байдлын хариу арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
Иймд Бээжин хотод ажиллаж, амьдарч, суралцаж буй болон хот, орон нутгийн хооронд зорчихоор төлөвлөж буй Монгол Улсын иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
- Цаг агаарын мэдээ, холбогдох байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэг, зам тээврийн нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авч, шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх;
- Орон нутаг хооронд автомашинаар зорчихдоо аадар борооны улмаас авто зам усанд автах, зам хаагдах, хөрсний гулгалт, уулын үер зэрэг эрсдэл үүсэж болзошгүйг тооцож, зорчих чиглэл болон замын нөхцөлийг урьдчилан судлах;
- Ус тогтсон болон үерт автсан авто зам, гүүр, нүхэн гарц, хонгил, нам дор хэсгээр автомашинтай болон явганаар нэвтрэхгүй байх;
- Гол, нуур, суваг шуудуу болон үерийн ус урсаж болзошгүй газарт ойртохгүй байх;
- Уул, ам, хавцал, нам дор газар болон хөрсний гулгалт, нуралт зэрэг геологийн гамшиг үүсэх эрсдэлтэй бүсэд зорчихгүй байх;
- Хүчтэй аадар борооны үед нийтийн тээвэр, галт тэрэг, нислэг болон авто замын хөдөлгөөх саатах, өөрчлөлт гарч болзошгүй тул аяллын хуваариа урьдчилан нягталж, хангалттай хугацааны нөөцтэй зорчих;
- Бага насны хүүхэд, өндөр настан болон бусдын асаргаа шаардлагатай иргэдийн аюулгүй байдлыг онцгой анхаарч, шаардлагатай тохиолдолд аюулгүй газарт байрлах;
- Орон байр, ажлын байрны цонх, тагт болон гадна талбайд байгаа салхи, бороонд хийсэж унах эрсдэлтэй эд зүйлсийг бэхлэх, аюулгүй газарт хадгалах;
- Орон нутгийн эрх бүхий байгууллагаас нүүлгэн шилжүүлэх, хөдөлгөөн хязгаарлах болон бусад аюулгүй байдлын арга хэмжээ авахыг шаардсан тохиолдолд зааврыг чанд мөрдөх зэрэг болно.
Иргэд аюул, осол болон үер усны гамшгийн нөхцөлд орсон тохиолдолд БНХАУ-ын цагдаагийн 110, гал түймэр, аврах ажиллагааны 119 дугаарт яаралтай холбогдоно уу.
Иргэд Та бүхэн сонор сэрэмжтэй байж, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг ханган, эрсдэлтэй бүсэд зорчихоос зайлсхийхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүлж байна.