24/08/2026
“ARTBRIDGE-SHANGHAI” ТӨГӨЛДӨР ХУУРЧДЫН ОЛОН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААН ШАНХАЙ ХОТОД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Монгол Улсын “Урлагийн Гүүр” ТББ-ын санаачлагаар Шанхай хотод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр “ArtBridge-Shanghai” төгөлдөр хуурчдын олон улсын Анхдугаар уралдааныг 2026 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Шанхай хотын “Platinum Hanjue” зочид буудлын Сонгодог урлагийн танхимд амжилттай зохион байгуулав.
Анхдугаар уралдааны шүүгчдээр Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхмийн багш, дэд профессор хатагтай Г.Ганчимэг, Шанхайн Хөгжмийн консерваторын багш Янь Чуанци, БНХАУ-ын Кунмин хотын Хөгжмийн сургуулийн багш Игорь Филиппов нар ажилласан нь тэмцээний цар хүрээ, ач холбогдлыг өндөрт өргөсөн үйл явдал болов.
Тус уралдаанд Монгол, Хятадын 66 оролцогч 7 насны ангилалд төгөлдөр хуурыг эгшиглүүлэх авъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс ГРАН ПРИ 🏆 шагналын эзнээр Монгол Улсын Консерваторын мэргэжлийн төгөлдөр хуурын багш Лхагвасүрэнгийн удирдлага дор оролцсон Сүхбаатарын Пүрэвсүрэн тодорч манай улсын залуу хөгжимчдийн авьяас, ур чадварыг олон улсын тайзнаа амжилттай харууллаа.
Уралдааныг нээж Ерөнхий консул Д.Болд хэлсэн үгэндээ Монгол, Хятад хоёр улсын авьяаслаг хүүхэд багачууд мөр зэрэгцэн оролцож, хөгжмийн хэлээр дамжуулан нөхөрлөлийн гүүрийг бүтээж буйд баяртай байгаагаа илэрхийлж, нийт оролцогчдод урлагийн өндөр амжилт хүсэв.
Анхдугаар уралдаан нь Монгол, Хятад хүүхэд, залуучуудын хөгжмийн боловсролыг дэмжих, авьяаслаг залуу хөгжимчдийг нээн илрүүлэх, олон улсын тавцанд ур чадвараа сорих боломжийг бүрдүүлэх, хоёр улсын соёл, урлагийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буйг Шанхайн Хөгжмийн консерваторын багш Янь Чуанци онцлон дурдаж байв.
Авьяас, ур чадвараа сорин амжилттай оролцсон нийт оролцогчид, тэдгээрийн багш, эцэг эхчүүдэд халуун баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсье! 👏 🎶💐
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia