27/08/2026
ЭЛЧИН САЙД Д.БЯМБАДОРЖ ЕГИПЕТИЙН ИХ МУЗЕЙН (GRAND EGYPTIAN MUSEUM) ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Бямбадорж 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Каир хотноо Египетийн Их музейн (GEM) гүйцэтгэх захирал, доктор, профессор Ахмед Гонеймтэй уулзав.
Уулзалтаар хоёр улсын музейн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх, музейн менежмент, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, музей судлал, мэргэжилтнүүдийн сургалт, үзэсгэлэн солилцох боломжийн талаар санал солилцов.
Талууд хоёр талын музейн мэргэжилтнүүдийн цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулж, хамтын ажиллагааны боломжит чиглэл, хэрэгжүүлэх ажлын дарааллыг нарийвчлан тодорхойлохоор санал нэгдэв.
Египетийн Их музей (GEM) нь 2025 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд нийт 500,000 м² талбайг хамарсан, нэг соёл иргэншлийн түүх, өвд зориулсан дэлхийн хамгийн том музей юм. Тус музейд эртний Египетийн түүх, соёлын өвийг балар эртний үеэс одоо үеийг хүртэлх цаг хугацааг хамруулан, 100 гаруй мянган үзмэрээр цогцоор нь танилцуулдаг байна. Түүнчлэн музей нь үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулахын зэрэгцээ дэлхийн томоохон сэргээн засварлалтын төвүүдийн нэгийг түшиглэн эртний соёлын өвийг судлах, сэргээн засварлах, хадгалан хамгаалах чиглэлээр цогц үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой.