15/05/2025
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт боомтын цогцолборын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
Монгол Улсын Засгийн газрын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх ‘‘Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төслийн бүтээн байгуулалтыг 2019 оны есдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь боомтын тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг өргөжүүлж, хөрш орнуудтай хилийн боомтыг хөгжүүлэх замаар олон улсын худалдаа, бүс нутгийн хөгжлийг дэмжих, экспорт, импортын өсөлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг дэмжих, эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл юм. Боомтын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээс өмнө нэвтрүүлэх хүчин чадал багатайн улмаас тээврийн хэрэгслийн 100 гаруй км урт дараалал үүсэж, иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, хяналт шалгалтын тоног төхөөрөмж муутай, ачаалал их зэрэг олон бэрхшээл байсан юм.
Боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, зорчигч болон ачаа тээврийн шалган нэвтрүүлэх цогцолборыг нийт 31.9 га талбайд төлөвлөж, шалган нэвтрүүлэх цогцолбор бүхий 29 барилга байгууламж, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хяналт шалгалтын эгнээг орох, гарах чиглэлд тус бүр гурван эгнээ, эрдэс баялаг экспортын хэсэгт гарах чиглэлд 10, орох чиглэлд зургаан эгнээ болгон өргөтгөж, олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, цахилгаан хангамжийн дэд өртөө, холбоо дохиолол камержуулалт, зам талбайн гэрэлтүүлэг, хашаа хамгаалалтын хэрэгсэл зэрэг ажлыг гүйцэтгээд байна.
Төслийг БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 43.5 тэрбум төгрөг, Монгол Улсын төсвөөс нийт 29.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна. 2019-2024 онд 15.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн, 2025 онд үлдсэн 14.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлнэ.
Ковид-19 цар тахал болон үерийн улмаас цаг хугацаа зардал, мөнгөний хүндрэлүүд тулгарсан ч бүтээн байгуулалтаа зогсоохгүйгээр зохион байгуулж, Монгол Улсын аж ахуй нэгжийн 50 ажилтан, БНХАУ-ын талаас 258 ажилтан, нийт 308 инженер, техникийн ажилчид бүтээн байгуулалтад оролцсон юм.