03/08/2026
XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн зуны адаг сарын арван есний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд болж өндөрлөлөө.
Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар тахилгын ном хурав.
Хөх нүдэн Хөвсгөл далай маань Монгол орны гадаргын цэвэр усны 70 гаруй хувийг, дэлхийн цэвэр усны нөөцийн ойролцоогоор нэг хувийг дангаар бүрдүүлдэг, Төв азийн цэнгэг усны эх, ховор амьтан ургамлын өлгий нутаг билээ.
Тахилгын үеэр Далай ээжийн мандал дээгүүр өтгөн цагаан манан хөшиглөн, Модонхүй арлын дээгүүр бурхны дүрсийг санагдуулам үүл бүрхэхийн зэрэгцээ хойд зүгт солонго татсан нь эзэн лус тахилгыг соёрхон хүлээн авлаа гэж нутгийн зон олон ихэд сүсэглэн бишрэв.
Нуурыг хамгаалах ажлын хүрээнд 2021-2025 онд ёроолд живсэн усан онгоц , машин техникийг татан гаргаж, 50 орчим мянган литр шатахуун, тос, аюултай хог хаягдал алдагдахаас сэргийлсэн. Мөн энэ жил нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, Хөвсгөл нуурыг судлах Олон улсын төв байгуулагдаад байгаа нь тус нуурыг тогтвортой хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын нэг хэсэг болж байна.
Хөвсгөл нуурыг Төрийн тахилгатай болгосон нь зөвхөн ёслолын хэмжээнд хязгаарлагдахгүй, харин цаашид энэ ариун усан сан, байгаль экосимтемийг бүрэн бүтнээр нь хойч үедээ уламжлан үлдээх Төрийн бодлого, үйл ажиллагааны эхлэл болж байгаагаараа онцлог юм.
Далай ээж хэмээн хүндэтгэн дээдэлдэг Хөвсгөл нуурын онгон дагшин байдал, түүх соёлын өвийг хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт хэвээр байна.