06/08/2026
Шатахууны хангамжийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох албаныханд хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө.
Нэгдүгээрт, Сайнцагаан сумын малчдын усны худгийн хэвийн ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс худгийн насос, моторыг ажиллуулахад шаардлагатай шатахууныг зориулалтын саванд олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Шаардлагатай тохиолдолд тухайн малчны харьяалах багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн шатахуун олгоно. Одоогийн байдлаар GOR GAS шатахуун түгээх станц малчдад зориулалтын саванд 60,000 төгрөг хүртэлх дүнгээр шатахуун олгож эхлээд байна.
Хоёрдугаарт, аялал жуулчлалын урсгалыг тасалдуулахгүй байх, аймагт зорин ирсэн жуулчид замдаа шатахуунгүй болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор Ундарга Говь, GOR GAS шатахуун түгээх станцуудаар дамжуулан жуулчны тээврийн хэрэгслийн шатахууны банканд шаардлагатай хэмжээгээр автобензин олгох зохицуулалтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Сүүлийн үед “би малчин”, “би жуулчин” хэмээн өөрийгөө буруу тайлбарлаж, зохицуулалтыг ашиглах оролдлого гарч байгаа учраас дараах зарчмыг хатуу мөрдөнө.
✔️ Малчдад шатахууныг зөвхөн багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн зориулалтын саванд олгоно.
✔️ Жуулчдад шатахууныг зөвхөн жуулчны тээврийн хэрэгслийн шатахууны банканд олгоно.
Шатахууны нийлүүлэлт бүрэн хэвийн болох хүртэл иргэд та бүхнийг зохицуулалтыг ойлгон дэмжиж, зөвхөн нэн шаардлагатай хэрэгцээндээ шатахуун авч, бусдын эрх ашгийг хүндэтгэн хамтран ажиллахыг хүсье.