25/03/2021
ЭХ ДЭЛХИЙН ЦАГ 60+
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг.
Эх дэлхийн цагийн гол зорилго гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог.
Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө нэгэн зэрэг жил бүр дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.
Түүнчлэн “Эх дэлхийн цаг - 2021” арга хэмжээний хүрээнд Ус, түүний зохист зөв хэрэглээ, Байгаль орчны эко систем сэдвээр болон Бага насны хүүхдэд экологи, байгалиа хэрхэн хайрлан хамгаалах талаар зөв, цэгцтэй мэдлэг олгох, сэтгэхүй суулгах, зуршил хэвшүүлэх зорилготой контентыг цахим орчноор дамжуулан хүргэх юм.
Дашрамд дуулгахад, 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 20:30-21:30 цагийн хооронд 60 минутын турш гэрлээ унтрааж, Манай пэйжээр дамжуулан Earth hour -ын албан ёсны видеог шэйр хийж Эх дэлхийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө "эх дэлхийн цаг"-т нэгдээрэй
by MNB