11/04/2024
"МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ТАРИАЛАХ БОЛОМЖ БАЙГАА"
Зочин: "Мандалын шим" улаан буудайн соёолж даршмалын цехийн үүсгэн байгуулагч Ө.Эрдэнэтунгалаг
"УРАМТАЙ ЯРИА" цуврал ярилцлагын дугаар: 3
Сайн байна уу Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ жил зудын эрсдлийг даван туулахад малчдад нэн шаардлагатай зүйл нь шимтэй өвс, тэжээл байсан. Анх улаан буудайн соёолж тариалах болсон тэр үеэс яриагаа эхлэх үү ?
Анх эхлэхдээ бусдын адил гэрийн нөхцөлд туршилт маягаар эхэлж байсан. Туршилт маань тийм ч амжилттай байгаагүй. Мэдэхгүй зүйл олон байсан. Нэг биш нэлээн хэдэн удаа оролдоод амжилтгүй болсон.Гэхдээ амжилтгүй боллоо гээд хаяагүй л дээ. Яавал зөв аргаар ургуулах уу гэдэг асуулттай нэг хэсэг явсан. Одоо ч гэсэн судалсаар л байгаа. Малчдад яавал бага үнээр өндөр шимтэй тэжээл хүргэх үү гэдэг нь чухал асуудал байсан. Өртөг бага хэрнээ шимтэй байх нь чухал шүү дээ.
Зөв ургуулах аргачлалыг хэрхэн бий болгосон бэ ?
Ганцаараа яваад амжилт олоогүй л дээ. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь чухал байсан. ХААИС-ийн багш нараас илүү, баталгаатай, зөв аргачлалтай зөвлөгөөг авч, түүний дагуу туршилт хийж, түүнийгээ боловсронгүй болгоход анхаарсан. Анх нэг ядарсан үхэртэй байж таараад түүндээ ургуулсан улаан буудайн соёолжоо өгөөд эхний 7 хоног тасралтгүй өгсний дараа тамир тэнхээ ороод сайжирч эхэлсэн. Түүнээсээ үүдэж, ядарсан малд шим тэжээл сайтай байгаа учир тариалалтаа улам сайжруулах, зай талбайгаа нэмэж, өдөрт гаргах тоо ширхэгээ нэмэгдүүлэх санаа төрсөн. Хүмүүс гэрийн нөхцөлд тариалж болно гэхдээ мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах нь хамгийн зөв. Одоогоор малчдын ойлгож байгаагаар нэг төмөр дэлгэж тавиад улаан буудайгаа тарааж орхиод жаахан ус хийгээд өөрөө ургачихна гэсэн өнгөцхөн ойлголт байгаа шүү дээ. Тасалгааны температурт ургуулахад орчин, бэлдэцүүд гээд анхаарах шаардлагатай зүйлс нэлээн байгаа. Түүнийг л мэдээд авахад гэртээ өөрсдийн хэрэгцээг хангахаар хэмжээний өвс, тэжээлийг тариалаад байж болно.
Анх цех-ээ ганцаараа байгуулж байжээ. Одоогоор хичнээн хүнтэй, хичнээн малчдын малын өвс, тэжээлийн хэрэгцээг хангаж байна вэ ?
Анх ганцаараа байсан. Туршилт, судалгаа, сайжруулалт гэж явсаар нэлээдгүй хугацаа өнгөрсөн байна. Болохгүй байна гэж орхиогүй учраас өнөөдөр энэ хэмжээнд хүрсэн байх гэж харж байна. Одоо манайх 3 ажилтантай, өөрсдийн гэсэн захиалагч нартай болохын зэрэгцээ энэ чиглэлээр суралцахыг хүссэн хүмүүстээ онлайн болон танхимын сургалтуудыг өгч байгаа. Аймгуудаас холбогдож сургалт авдаг учраас ажлаар ийш тийшээ явах тохиолдлууд байдаг.
Малчдад юу гэж зөвлөх вэ ?
Малчид маань аль болох хямд өртөгөөр гэрийн нөхцөлд улаан буудайг тариалахад болохгүй зүйл үгүй. Нэгдүгээрт мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Мэдэхгүйгээс болж хүмүүс алддаг шүү дээ. Анхны оролдлого нь бүтэхгүй байвал түүн дээр шантрах, орхих хэрэггүй. Цааш нь үргэлжлүүлэн сайжруулалтаа хийгээд явах хэрэгтэй гэж хэлмээр байна. Оролдлого сайт оройд нь гэдэгтэй адил. Энэ жил зуд ихтэй байсан учир малчдын амьдрал ахуйд хүнд туссан.Өвс тэжээлийн нэгийн үнэ 20 мянгаас дээш үнээр борлуулагдсан нь малчдад эдийн засгийн хувьд томоохон хүндрэл үүсгэсэн гэж харж байгаа. Тиймээс зөв арга техникийг нь сураад авбал хямд өртөгөөр сайн чанарын тэжээл бий болгох боломжтой юм аа.
Танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
Баярлалаа...