28/02/2025
Морины овооны хөшөөг сэргээн тохижууллаа.
Халхын хурдны гурван угшлын нэг болсон Говь Шанхай угшлын адуунд зориулан сумын 80 жилийн ойгоор анхлан босгож байсан Морины овооны хөшөөг уран барималч Н.Цогмагнайтай хамтран сэргээн тохижууллаа.
Хөшөөний нүүрэн талд ариун дагшин газар шороог бидэнд үлдээсэн өвөг дээдэс, түүхэн улбааг билэгдэж Их эзэн Чингис хааны хөрөг, буган чулуун хөшөөний дүрс, адууны хийморь лундааг билэгдэж хийморийн морийг хагас товгор релиф хийцлэлээр бүтээлгэлээ.
Баруун, зүүн талд Их Шанхай нутгийн Гэсэр гэлэнгийн хурдан хул морины сүр хүчийг ертөнцийн дөрвөн хүчтэнээр билэгдэж, өвөг дээдсийн ураг овгийн адууны тамгыг шингээн бүтээлгэсэн.
Хөшөөний гурван талд Их Шанхай нутгийн уртын гурван дуу “Өндрийн өвс”, “Хурдан сайхан”, “Холч морь” дууны үгийг чулуун хавтан дээр шинэчлэн бичүүлж бэхэллээ.
Мөн овооны өмнө талд байрлуулсан сангийн бойпорын морины хошууг нь зориудаар цохиж хугалж эвдэлснийг нааж сэргээлээ.
Овооны тохижилтын санхүүжилтийг ивээн тэтгэж хамтран ажилласан Тэсүн майнинг ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье!
Их хурдны хийморьлог нутгийн зон олон та бүхнийг минь адууны босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж явах болтугай.