17/06/2023
ТУРШЛАГЫН НЭР: НҮДЛЭН ТОГТООЛГОХ АРГА
🙋♀️Багшийн товч мэдээлэл: Англи хэлний багш Л.Түмэнцэцэг БЗД-ийн ЕБ-ын 79-р сургууль
✅️Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч Н нь 6-р ангид сурдаг, 11 настай. Суралцахуйн бэрхшээлтэй. Хүүхэд хуулан бичих, өөрийгөө илэрхийлэх чадвар маш сайн. Анги хамт олонтойгоо нийтэч, сэргэлэн цовоо сурагч. Гагцхүү цээжлэх чадвар, цээжээр бичих чадвар маш сул.
Удаан цээжилж хурдан мартдаг.
✳️Дэмжих арга 1. Үсэг цээжлүүлэх:
Өдөрт таваас доошгүй Англи хэлний үсэг цээжлүүлж таниулах байдлаар хичээллэсэн. Үзүүлэн дээр англи хэлний үсгүүдийг хамт ярилцаж таниулаад түүнийхээ байрлалыг дахин дахин өөрчлөх байдлаар асууж нүдлүүлсэн. Үүнийгээ өдөрт уйгагүй давтаж, мөн дунд нь хүүхдээ амраагаад ахин давтах байдлаар үргэлжлүүлж байсан. Мөн янз бүрийн үгнээс үзсэн үсгийг нь олж таниулах, зарим үед цээжээр бичүүлэх зэрэг аргыг хэрэглэсэн.
Ажиглагдсан үр дүн: Энэ арга үр дүнгээ маш сайн өгч хүүхэд 26 үсгийг ялгаж таньж сурсан. Өдөрт цөөн үсгийг олон дахин сонирхолтой байдлаар давтах нь хүүхэд уйдахгүй байх сайн талтай байсан.
✳️Дэмжих арга 2. Тараах материал дээр ажиллуулах:
Бэлэн, сонирхол татсан, зурах, холбох зэрэг тараах материалуудыг ажиллуулж байсан.
Ажиглагдсан үр дүн: Хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулж хялбар зүйлийг ажиллуулах нь сурсан зүйлээ мартахгүй байх сайн талтай байсан.
✳️Дэмжих арга 3. Тоог үсгээр бүтээлгэх:
Бүх үсгээ үзээд 1-10 хооронд тоо заасан. Энэ үедээ мөн багш өөрөө үсгийг хэлж олуулаад тоогоо бэлэн үсгүүдээр бүтээж нүдлүүлж байсан. Мөн нүдэлсэн үгсээ ахин байрыг нь сольж өөрөөр нь бүтээлгэх байдлаар давтсан.
✳️Ажиглагдсан үр дүн: Хүүхэд үсгээ бататгаж байна. Цээжээр өөрөө бичиж сурч байна.
Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
✅️ Хүүхэд хөнгөн аргаар өөрт нь зориулсан хичээлд илүү сонирхолтой байна.
✅️ Хэдий ой тогтоолт сул байгаа ч өөрөө мэдэхийг их хичээдэг.