09/09/2025
Байгаль нуур...
Дэлхийн цэнгэг усны нөөцийн 20%-ыг агуулагч, бөмбөрцгийн хамгийн гүн, хамгийн их настай, нүүдэлчин Монголчуудын Байгаль ээж хэмээн дээдлэн хүндэлдэг Их Далай...
1996 онд Байгал нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэж, 1999 оноос Орос улсад жилийн бүрийн 9-р сарын эхний бүтэн сайн өдрийг Байгаль нуурын өдөр болгон тэмдэглэдэг.
Энэ жил яг Байгаль нуурын өдрөөр (2025.09.08) Орос-Монголын хилийн усны хэлэлцээрийн ажлын хэсгийн ээлжит хуралдаанд оролцохоор Байгаль нуурынхаа дээгүүр нисэн өнгөрч, (Эрхүү Улаан Үүд хотуудад буусан) Байгаль нуурын үзэсгэлэн төгөлдөр байдал, 20 сая жилийн турш нүүдэлчин аймгуудыг, хүн төрөлхтөнийг тэжээж ирсэн түүхийн тухай эргэцүүлэн бодож суулаа.
Хилийн усны хэлэлцээрийн ажлын хэсгийн хурлаар ч Байгаль нуур хамгийн түрүүнд яригдах нь аргагүй. Байгаль нуурт жилд ордог усны 50 хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамжин ордог учраас Байгал нуурыг хамгаалья гэвэл Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь зүй ёсны, Сэлэнгэ мөрнийг хамгаалья гэвэл бүхий л цутгал голуудыг нь хамгаалах нь зайлшгүй юм. Монгол улсын гадаргын усны 70 шахам хувь нь Сэлэнгэ мөрнөөр дамжин Байгаль нуурыг тэжээн тэтгэдэг учраас өвөг дээдэс маань үеийн үед Байгаль ээж хэмээн хүндэтгэн иржээ.
Байгаль нуурын тухай ярихад дүү нуур болох Хөвсгөл нуурын тухай ярихгүй байх аргагүй, хүйн холбоотой эгч дүү нуурын систем нь (Эг, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон мөрөн, Туул, Идэр голыг оролцуулан төв Азийн гадаргын усны сүлжээний амин сүнс төдийгүй, байгалийн тэнцвэрт байдлын гол суурь юм.)
Байгаль нуурыг хамгаалах үйл ажилд бүхий л хүн төрөлхтөн, улс бүр, олон улсын байгууллага бүр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй (үүрэгтэй) бөгөөд энэхүү нийт хөрөнгө оруулалтын тодорхой хувийг Сэлэнгэ мөрнөөр дамжуулан Сэлэнгийн цутгал голуудад (Монголд) зарцуулах нь усны нөөцийн нэгдсэн менежментийн чухал зорилт юм.
(Өнөөдөр хуралдаан эхлэж, өнгөрсөн жил шахам хугацааны голуудын урсацын мэдээ, усны чанарын байдал, эрүүл ахуйн асуудлууд гээд үндсэн 4 асуудлаар мэдээлэл солилцож, ирэх жилийн ажлын төлөвлөгөөгөө тохирно)