22/07/2026
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, алба хаагчид, үе үеийн ахмадууд аа!
Та бүхэндээ "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр"-ийн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Хууль сахиулах байгууллагын бодлого, ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа бол Монгол Улсын Засгийн газрын иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ.
Шүүхийн аливаа шийдвэр цаасан дээр үлдэх бус, бодитоор биелэгдэж, иргэдийн зөрчигдсөн эрх сэргэх, хууль засаглах зарчим хэлбэрэлтгүй хэрэгждэг байх учиртай. Эд хөрөнгийн болон биечлэн гүйцэтгэх шийдвэрийг хэрэгжүүлэхээс эхлээд ял эдлүүлэх ажиллагааг хуулийн дагуу, хүний эрхийг чанд дээдлэн зохион байгуулах нь хариуцлагатай бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвар, сэтгэлийн хат шаардсан ажил юм.
Шүүхийн шийдвэр бодитоор биелэх нь шүүх засаглалын нэр хүнд, төрд хүлээлгэх иргэдийн итгэлийн шууд хэмжүүр болдог. Хууль хүн бүрт адил тэгш хэрэгждэг байх хүлээлтийг хангахын тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас "Эрх зүйт төр – Иргэний итгэлцлийн реформ"-ыг үе шаттайгаар эхлүүлээд байна. Энэхүү реформын гол зорилго нь хууль засаглах үйл явц бүрийг иргэнд чирэгдэлгүй, нээлттэй, шуурхай байх зарчимд нийцүүлэхэд оршино. Энэ хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цахимжуулах, шат дамжлагыг багасгах, иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх ажлууд хийгдэж байна.
Мөн шийдвэр гүйцэтгэгч, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, ажлын ачааллыг тэнцвэржүүлж, технологийн боломжийг бүрэн ашиглах, нийгмийн хамгааллыг дээшлүүлэхэд салбарын яамны зүгээс онцгой анхаарч, бодит дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
Хууль дээдлэх, шударга ёсыг тогтоох үйлсэд мэдлэг чадвар, зүтгэл сэтгэлээ зориулж яваа нийт алба хаагчдадаа болон та бүхний ар тал болж үргэлж дэмждэг гэр бүлийнхэнд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Төрийн хууль тунгалаг, үйл ажиллагаа тань ямагт бүтэмжтэй байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН