22/05/2026
*ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР*
1992 оны 5-р сарын 22-нд “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн эх бичвэр батлагдсаныг тохиолдуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2000 онд жил бүрийн энэ өдрийг “Олон улсын биологийн олон янз байдлын өдөр” болгон албан ёсоор зарласан. Энэхүү өдрөөр байгаль хамгаалал, экосистемийн үнэ цэнэ болон биологийн олон янз байдлын ач холбогдлыг дэлхий нийтэд таниулах зорилготой юм.
Хомын Талын Байгалийн цогцолборт газар нь Дөргөн нуураас зүүн тийш үргэлжлэх уудам их тал, хойд болон зүүн талаараа Завхан гол, Бууралын уулс, өмнөд хэсгээрээ Монгол элсээр хүрээлэгдэн орших үзэсгэлэнт “байгалийн арал” юм.
Энд тахь, бөхөн, хар сүүлт зээр, янгир, нүүдлийн шувууд, цоохор ирвэс зэрэг олон ховор амьтад нэгэн экосистемд зэрэгцэн оршдог бөгөөд тал хээр, элсэн манхан, гол мөрөн, нуур, уулсын өвөрмөц хэв шинжийг өөртөө шингээсэн биологийн олон янз байдлын чухал бүс нутаг билээ.