11/04/2026
Өнөөдөр фронтын шугам дээрээс ирж буй дүрс бичлэгүүдийг харахад Оросын цэргүүд яг л "хөөцөлдөж тоглож" байгаад дэлбэрч үхэж буй мэт аймшигтай харагдаж байна. Дээрээс нь хянаж буй FPV дрон гэдэг энэ бяцхан төхөөрөмж хүний амийг ямар ч үнэ цэнгүй, ердөө л нэг "бай" болгож хувиргажээ.
Цэрэг нь биш "тоо" нь чухал болсон төр
Эртний монголчууд, Чингис хаан цэргээ маш их хайрлаж, нэг ч болов хүний амийг үнэ цэнтэй гэж үздэг байсан бол өнөөгийн Оросын удирдлагад ийм "мэдрэмж" огт алга. Тэдэнд цэрэг нь хүн биш, ердөө л нөөцлөх боломжтой материал шиг харагддаг болж. Өмнө нь сар бүр 30 мянган цэрэг фронт руу илгээдэг байсан бол одоо энэ тоог 50 мянга болгож нэмсэн нь үүний тод жишээ. Хүний амиар "махан дайралт" хийж, тоогоор далайлгах энэ арга барил нь Орос улс иргэнээ хэзээ ч боддоггүйг л баталж байна.
Вакуум доторх "амгалан" амьдрал
Орост Instagram, Facebook гээд сошиал ертөнц хаалттай байгаа нь тэндхийн иргэдийг нэг талдаа "амар тайван" байлгаж байгаа мэт боловч нөгөө талдаа тэднийг бодит байдлаас бүрэн тасалж байна. Хүүхдүүд, залуус нь фронт дээр ямар амархан, ямар арчаагүйгээр үхэж байгааг тэд харахгүй байна. Мэдээллийн ийм вакуумд орсон нийгэм аажмаар мэдрэмжгүй болж, бусдын зовлонг ойлгох чадвараа гээдэг. Энэ нь эргээд дарангуйллыг тэтгэж буй хамгийн том "тэжээл" болж байгаа юм.
Чимээгүй цэвэрлэгээ
Гэтэл фронтын тэргүүн эгнээнд хэн үхэж байна вэ? Москва, Санкт-Петербургийн "цагаан захтнууд" биш, харин Буриад, Тува, Дагестан зэрэг жижиг үндэстнүүдийн залуус л хамгийн ихээр хохирч байна. Орос улс дайныг далимдуулж өөрийн бүрэлдэхүүн дэх үндэстний цөөнхүүдээ "чимээгүйхэн цэвэрлэж" байна гэхэд хилсдэхгүй.
Ямар ч мэдээлэлгүй, зөвхөн төрийн суртал ухуулгаар "хооллодог" вакуумжсан нийгэмд хүний амь ердөө статистик төдий л зүйл болдог. Бусдын өвдөлтийг мэдэрдэггүй, хүний амийг тоо гэж хардаг ийм систем хөгжих бус, харин өөрийгөө дотроос нь идэж дуусдаг түүхэн жамтай.