21/08/2026
🇲🇳📈 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ БОЛГОНО
🇺🇳 Эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо COP17 буюу НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулган зохион байгуулагдаж байна. COP17 бол зөвхөн цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэх Олон Улсын хурал биш юм. Харин дэлхий нийтээр зарласан санхүүжилтийн амлалтуудыг бодит төсөл, бодит хөрөнгө оруулалт, бодит үр дүн болгон хувиргах ёстой чухал талбар байдаг.
Өмнөх COP16-ын үеэр ган, газрын доройтлын эсрэг үйл ажиллагаанд зориулан 12.15 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан. Одоо харин дараагийн асуулт болох, Энэ хөрөнгө хаашаа чиглэх вэ?, Ямар төсөл бодит санхүүжилт авах вэ?, Хувийн хэвшил, Олон Улсын санхүүгийн байгууллагуудын хөрөнгийг хэрхэн татах вэ? Эцэст нь зарласан амлалтаас хэд нь бодит хөрөнгө оруулалт болж газар дээр буух вэ? гэдгийг иргэд, олон нийт харж, хүлээж байгаа нь дамжиггүй. Тийм учраас COP17-ын бодит үр дүн үүгээр хэмжигдэх учиртай.
Манай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК хувьд энэ зорилгыг жил хагасын өмнөөс бодит ажил болгон эхлүүлсэн юм. Тодруулбал, бид GGGI буюу Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран Улаанбаатар хотод хэрэгжих боломжтой ногоон, тогтвортой төслүүдийг тодорхойлж, тэдгээрийг Олон Улсын хөрөнгө оруулагч, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын шаардлагад нийцсэн санхүүжилт татах боломжтой төсөл болгон хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.
📝 Өнөөдөр энэхүү хамтын ажиллагаагаа дараагийн шатанд гаргаж, Улаанбаатар хотын хэмжээнд 250 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлж, бодит төсөл, бүтээн байгуулалт болгон хэрэгжүүлэхэд чиглэсэн урьдчилсан гэрээг COP17, City Mayors Forum болох үеэр үзэглэлээ.
GGGI нь хөгжиж буй болон шинээр хөгжиж буй эдийн засагтай орнуудад ногоон өсөлтийн бодлогыг хөрөнгө оруулалтын төсөл, санхүүгийн бүтэц, бодит капиталтай холбох чиглэлээр ажилладаг олон улсын, Засгийн газар хоорондын байгууллага юм. Тус байгууллага Монгол Улстай 2014 оноос хамтран ажиллаж, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээл зэрэг чиглэлээр төсөл, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлж ирсэн.
🙋🏻♀️ Тиймээс бидний өнөөдөр үзэглэсэн баримт бичгийн ач холбогдол нь 250 сая ам.доллар гэсэн тооноос илүүтэй Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний шилжилт хийх, барилгын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотын дэд бүтцийг бий болгох, газрын доройтол болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэх төслүүдийг Олон Улсын ногоон санхүүжилтийн зах зээлтэй шууд холбох суурийг тавьж байгаад оршиж байгаа билээ. Өөрөөр хэлбэл,
БОДЛОГООС → ТӨСӨЛ РҮҮ
ТӨСЛӨӨС → САНХҮҮЖИЛТ РҮҮ
САНХҮҮЖИЛТЭЭС → БОДИТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ РУУ шилжих механизм бий болгохыг бид зорьж байна. Олон Улсын хурлын индэр дээр зарласан амлалтыг бодит хөрөнгө болгох, тэр хөрөнгийг санхүүжих чадвартай төсөл болгох, улмаар иргэдийн амьдралын чанар, хотын өрсөлдөх чадвар, байгаль орчны бодит өөрчлөлтөөр хэмжигдэх үр дүнд хүргэх нь бидний гол ажил билээ.
Улаанбаатар хот COP17 зохион байгуулсан хот гэдгээс гадна COP17-оос бодит хөрөнгө оруулалт татаж, бодит төсөл хэрэгжүүлж чадсан хот байх ёстой.
АМЛАЛТААС — ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ РУУ.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААС — БОДИТ ӨӨРЧЛӨЛТ РҮҮ