28/05/2026
Дэслэгч генерал Шавийн Арвай агсны алдар гавьяаг мөнхжүүлэх “Номын уншлага-хэлэлцүүлэг” зохион байгууллаа
✅ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хилийн халдашгүй дархан байдлыг бэхжүүлэх үйлсэд нэг насны амьдрал, мэдлэг оюунаа зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн Олон Улсын Академийн Академич, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Дотоод хэргийн их сургуулийн “ЭМЕРИТ ПРОФЕССОР”, Цэргийн Шинжлэх Ухааны доктор /Sc.D/, профессор, дэслэгч генерал Шавийн Арвай агсны алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном бүтээлийг эргэлтэд оруулах, түгээн дэлгэрүүлэх, үнэ цэн, өв уламжлалыг хойч үедээ сурталчлах зорилгоор “НОМЫН УНШЛАГА-ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” үйл ажиллагааг өнөөдөр /2026.05.28/ Их сургуулийн “Генерал” танхимд зохион байгууллаа.
✅ Энэхүү үйл ажиллагаанд Хил хамгаалах ерөнхий газрын хил судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Эрдэм шинжилгээний хүрээлэн, Удирдлагын академийн хилийн албаны удирдлага, стратегийн тэнхим, Хилийн албаны сургуулийн эрдэмтэн багш, сонсогч, ар гэрийн төлөөлөл оролцлоо.
✅Дэслэгч генерал Шавийн Арвай нь хоёр зууныг дамжин Монгол Улсын хилийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогыг тодорхойлж, цэргийн шинжлэх ухааныг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн байлаа. Түүний улс орондоо үлдээсэн баялаг өв, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь зөвхөн цэргийн албан хаагчдын бус, судлаач оюутнуудын болон хойч үеийнхний заавал суралцах түүх, сургамж юм.
✅Энэ үеэр Монгол Улсын Хууль сахиулах байгууллага, Хил хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэх, хил судлалыг хөгжүүлэх, хилчдийн танин мэдэхүй, мэдлэгийг зузаатгахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан 30 гаруй ном сурах бичиг, эрдэм шинжилгээний судалгааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж сурталчлан танилцууллаа.