Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Тус шүүх нь түүхэн хөгжлийн явцад хүний нөөц, санхүү, менежментийн хувьд бэхэжсэн, орчин үеийн цахимжсан шүүх болон төлөвшин хөгжиж ирсэн бөгөөд одоо тус шүүх нь Ерөнхий шүүгч 1, шүүгч 20, Тамгын газрын дарга 1, шүүгчийн туслах 19, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 17, шүүхийн захиргааны болон үйлчилгээний бусад ажилтныг оролцуулан нийт 79 орон тоотойгоор Нийслэлийн 9 дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг харъяалан захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байна.

АЖИЛТНЫ ЦАЛИН ХӨЛСИЙГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ГЭРЭЭНД ЗААСАН ХУГАЦААНД ОЛГООГҮЙ НЬ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО Шийдвэрийн ...
03/08/2026

АЖИЛТНЫ ЦАЛИН ХӨЛСИЙГ ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ГЭРЭЭНД ЗААСАН ХУГАЦААНД ОЛГООГҮЙ НЬ ЗӨРЧИЛД ТООЦОГДОНО
Шийдвэрийн огноо, дугаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.09.09-ний өдрийн 128/ШШ2025/0613 шийдвэр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Б-аас “А” ХХК-нд холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу зөрчлийн хэрэг нээн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0080125 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгийн торгууль оногдуулсныг гомдол гаргагч “А” ХХК-аас эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар тус шүүхэд гомдол гарган маргасан.
Хэргийн үйл баримтын тухайд, гомдол гаргагч “А” ХХК нь иргэн Э.Б-тай 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, багшийн албан тушаалд, нэг сарын үндсэн цалин … төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр олгохоор харилцан тохиролцсон байх бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тогтоол гаргаагүй, ажил хүлээлцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажилтан дараах үндсэн эрхтэй гээд 42.1.3-д гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гээд 43.2.1-д гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох ... гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбараар гомдол гаргагч “А” ХХК нь тус байгууллагад багшаар ажиллаж байсан Э.Б-ын 2024 оны 12 дугаар сарын цалингийн үлдэгдэл … төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 3 өдрийн цалин … төгрөг, нийт … төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олгоогүй болох нь тогтоогдож байх тул гомдол гаргагчийг ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан гэж заасан зөрчил гаргасан үндэслэлээр торгууль ногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хуульд нийцжээ.
Шүүхээс “гомдол гаргагч нь хуулиар хүлээсэн цалин хөлс олгох үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй байх бөгөөд ажилтан өөрөө цалингаа авахгүй гэж байсан, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаад бүх цалингаа аваад л дуусгахаар тохиролцсон гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй, Хөдөлмөрийн гэрээний дагуу цалин олгох үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэж дүгнэж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/19311?daterange=2025-09-01%20-%202025-09-09&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр

Монгол Улсын шүүхийн 2026 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ    Монгол Улсын шүүх 2026 оны...
31/07/2026

Монгол Улсын шүүхийн 2026 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ

Монгол Улсын шүүх 2026 оны эхний хагас жилд 178396 хэрэг, маргааныг хүлээн авснаас 119448 хэрэг, маргаан буюу 67.0 хувийг анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус тус хянан шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх 2026 оны эхний хагас жилд 171101 хэрэг, маргааныг хүлээн авснаас 114718 хэрэг, маргаан буюу 67.0 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 9900, иргэний 73680, захиргааны 1284, зөрчлийн 29854 хэргийг хянан шийдвэрлэжээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32771 хэргээр буюу 40.0 хувиар өссөн байна. Үүнээс эрүүгийн хэрэг 1958 хэргээр буюу 24.7 хувиар, иргэний хэрэг 31476 хэргээр буюу 74.6 хувиар, захиргааны хэрэг 212 хэргээр буюу 19.8 хувиар тус тус өссөн бол зөрчлийн хэрэг 875 хэргээр буюу 2.8 хувиар буурсан байна.

Давж заалдах шатны шүүх 2026 оны эхний хагас жилд 5651 хэрэг хүлээн авснаас 4410 хэрэг буюу 78.0 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 1494, иргэний 1880, захиргааны 425 хэрэг, зөрчлийн 611 хэргийг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 424 хэргээр 10.6 хувиар өссөн байх ба үүнийг задалж үзвэл эрүүгийн хэрэг 59 хэргээр буюу 4.1 хувиар, иргэний хэрэг 355 хэргээр буюу 23.3 хувиар, зөрчлийн хэрэг 14 хэргээр буюу 2.3 хувиар тус тус өссөн бол захиргааны хэрэг 4 хэргээр буюу 0.9 хувиар буурсан байна.

Хяналтын шатны шүүх 2026 оны эхний хагас жилд 1644 хэрэг хүлээн авснаас хяналтын шатны шүүх хуралдаанаар 320 хэрэг буюу 19.5 хувийг хянан шийдвэрлэсэн байна. Үүнээс эрүүгийн 69, иргэний 176, захиргааны 75 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэний хэрэг 53 хэргээр буюу 43.1 хувиар, захиргааны хэрэг 13 хэргээр буюу 21.0 хувиар тус тус өссөн бол эрүүгийн хэрэг 11 хэргээр буюу 13.8 хувиар буурсан байна.

Монгол Улсын шүүхийн 2026 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээтэй https://heyzine.com/flip-book/ea89ed9a02.html
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГА, СТАТИСТИКИЙН ГАЗАР

МЭДЭГДЭЛ
24/07/2026

МЭДЭГДЭЛ

ЭРХЭЭ МЭДЬЕ  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зүгээс иргэдийн эрх зүй, шүүхийн боловсрол...
24/07/2026

ЭРХЭЭ МЭДЬЕ
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын зүгээс иргэдийн эрх зүй, шүүхийн боловсролд зориулан “Эрхээ мэдье” нэртэй 4 багц бүхий цувралыг хүргэж эхэлж байгааг дуулгахад таатай байна.
Энэ удаагийн цувралаар “Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж юу вэ?” нийтлэлийг хүргэж байна.
Нийтлэлийг дараахь холбоосоор дамжин үзнэ үү: https://admincourt.e-court.mn/newsmore/4144

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахуудын холбоо барих утасны дугаар, цахим шуудан 2026.07...
22/07/2026

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахуудын холбоо барих утасны дугаар, цахим шуудан 2026.07.22 шинэчилсэн байдлаар:
https://admincourt.e-court.mn/admncourt/about

Мэндчилгээ
09/07/2026

Мэндчилгээ

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ХААГЧИД САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА   Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үн...
09/07/2026

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБА ХААГЧИД САЛБАРЫН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнах ёслолын арга хэмжээг 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгууллаа.

Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн ёслолын танхимд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа "Энгэрт тань гялалзах энэхүү эрхэм хүндтэй шагнал нь төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, ажил үйлсээрээ манлайлсан, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, тангарагтаа үнэнч байсны илэрхийлэл, шүүх эрх мэдлийн шинэчлэл, хөгжлийн энэ цаг үед шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, засаглалыг бэхжүүлэх үйлсэд үнэнчээр зүтгэж буй та бүхнээрээ бахархаж байна" хэмээн онцоллоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Жолооч асан, ахмад настан Чойжавын Баярхүү шүүхийн ерөнхий зөвлөлийн хүндэт тэмдгээр шагнагдсан бол тус шүүхийн Тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Баярсайханы Хангал, Шүүгчийн туслах Баатарын Баярдулам, Мөнхбатын Баасанцэцэг нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт жуух бичиг”-ээр, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ванд-Очирын Эрдэнэбат, Шүүгчийн туслах Нарантуяагийн Ундармаа нар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт бичиг”-ээр тус тус шагнагдлаа.

Шагнал авсан шүүхийн ахмад ажилтан болон шүүхийн захиргааны ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ   Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан ...
03/07/2026

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл болон нийслэл, орон нутгийн 17 шүүхийн Тамгын газрын нийт 76 захиргааны ажилтан 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр буюу “Төрийн албаны өдөр” Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Шүүхийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагааг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Сургалт судалгааны төвийн сэтгэл зүйч-судлаач Т.Энхгэрэл удирдаж, хөтлөн явуулав.

Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн шүүгчийн туслах Н.Чандманахатан уншиж сонордуулан Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Улмаар тус шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Шүүгчийн туслах М.Хүсэлдэй, А.Ундрал, Б.Анударь, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Төрийн албан хаагчийн хариуцлагатай бөгөөд хүндтэй албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэхээ илэрхийлсэн юм.
Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу төрийн албан хаагчийн тангараг өргөж буй залуу төрийн албан хаагчдад баяр хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүссэнээр тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өндөрлөв.

Төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхээр бат зогссон залуу албан хаагч нартаа халуун баяр хүргэж, цаашдынх нь хууль сахиулах хариуцлагатай үйлсэд өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛ ДЭХ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

29/06/2026

Address

Sukhbaatar
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97611331060

Alerts

Be the first to know and let us send you an email when Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх:

Shortcuts

Share