06/07/2026
ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
✈️ 🇲🇳 Монгол Улсад иргэний нисэхийн салбар үүсэж, хөгжсөний 70 жилийн ойг тохиолдуулан “МИАТ” ТӨХК, Удирдлагын академи хамтран "Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол Улсын онцлог, олон улсын туршлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 07 сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
✈️ Тус хурал нь Монгол Улсын иргэний нисэх, агаарын тээврийн салбарын өнөөгийн хөгжил, тулгамдаж буй сорилт, цаашдын хөгжлийн чиг хандлагыг олон улсын туршлага, эрдэм шинжилгээний судалгаатай уялдуулан хэлэлцэх, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
✈️ Хурлын нээлтийн ажиллагаанд Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, Удирдлагын академийн захирал, доктор, профессор Д.Байгал нар оролцов.
✈️ Мөн хуралд дотоод, гадаадын төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэн оролцож байна. Үүнд:
🔹 Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ны Хойд Азийн бүсийг хариуцсан Дэд ерөнхийлөгч, доктор Шье Шиньчүан;
🔹 АНУ-ын Boeing компанийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Зайд Алами;
🔹 БНХАУ-ын Grand China Aircraft Maintenance Co., Ltd. компанийн Маркетингийн менежерүүд Ким Сүн, Ye Zhihan;
🔹 БНСУ-ын Агаар, Сансарын Их Сургуулийн Нисэхийн менежментийн тэнхимийн эрхлэгч, профессор Пак Жин Ү
✈️ Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй агаарын тээврийн компаниуд, иргэний нисэхийн салбарын төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, багш, салбарын мэргэжилтнүүд өргөнөөр оролцсон юм.
✈️ Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ салбарын бодлого, судалгаа, инноваци, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах, Монгол Улсын агаарын тээврийн салбарын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
“Төрийн инновац, хөгжлийн алба”