29/05/2026
Монгол улсад Газрын тосны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ойд зориулан Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ХХК, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран “Oil and Gas-2026” ОУ-ын Эрдэм шинжилгээний ###II бага хурлыг Олборлолтоос үйлдвэрлэл сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Бага хуралд Монгол, БНЭУ, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид Газрын тосны салбарын хөгжил, хууль эрхзүйн орчны шинэчлэл, энэ салбарт нэвтэрч буй шинэ техник технологи, инновац, Газрын тос боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт, түүхий тос, эцсийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, байгаль орчин гээд бүхий л чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол улсад анх удаа өндөр технологийн, орчин үеийн Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах цогц төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн гүйцэтгэх захирал, доктор, Зөвлөх инженер Д.Алтанцэцэг мэндчилгээ дэвшүүлэхдээ,
“...Монгол улсад Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ) байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэгч манай компани гадаадын өндөр мэргэжлийн инженер, мэргэжилтнүүдтэй хамтран бидний хувьд цоо шинэ аж үйлдвэрийн процесс технологи, инженерчлэл, зураг төсөл, эрчим хүч, барилга угсралт, гэрээ эрхзүй, төлөвлөлт менежмент, санхүү эдийн засаг гээд олон салбар дамнасан, өөр хоорондоо нарийн уялдаа холбоотой цогц үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар салбарынхаа 85 жилийн ойн босгон дээр үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн угсралтыг хийж, удахгүй ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах түвшинд хүрээд байгаадаа туйлын их баяртай байна.” гэлээ.
Хуралд Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК Mongol Refinery SOLLC компанийн инженерүүд илтгэл хэлэлцүүлснээс гадна ГТБҮ байгуулах төслийн менежментийн зөвлөх БНЭУ-ын төрийн өмчит Инженерс Индиа Лимитед компанийн инженерүүд онлайнаар оролцон илтгэл тавьсан нь энэ удаагийн хурлын нэг онцлог байлаа.
Эрдэм шинжилгээний хуралд нийт 30 илтгэл хэлцэгдсэнээс “Enhancing value from delayed coking through PETCOKE velarization” сэдэвт илтгэлээр БНЭУ-ын “Engineers India Limited” компанийн инженер Vinay Gupta тэргүүн байр эзэллээ.
“Монгол улсын шатахууны үнийн хэлбэлзлийг зөөлрүүлэх менежментийн бодлогыг системийн динамик загварчлалын аргаар судлах нь” илтгэлээр ШУТИС-ийн ХШУС-ийн багш А.Элбэгжаргал дэд байр,
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн инженер Т.Бямбажаргал 3-р байр тус тус эзэллээ.
Харин ханан илтгэлийн төрөлд ШУТИС-ийн ГУУС-ийн ахлах багш, доктор Ц.Удвалхорлоо, “Тэлмэн ресурс” ХХК-ийн олборлолтын инженер Д.Сумъяабазар, ШУТИС-ийн ГУУС-ийн 4-р курсын оюутан Б.Өнөмөнх нар шагналт байруудад шалгарав.
Хурлын үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн Megha Engineering and Infrastructures Limited, Norinco international компанид талархал илэрхийлье.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /Ministry of Industry and Mineral Resources/
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
India in Mongolia (Embassy of India, Ulaanbaatar)
Engineers India Limited
MEIL International LLC