26/06/2026
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дотоод сонгууль болон намын үйл ажиллагаатай холбоотой баталгаагүй, нэг талыг барьсан мэдээлэл цахим орчинд түгээж, намын гишүүд, дэмжигчид болон олон нийтийн дунд ташаа ойлголт төрүүлэх оролдлого гарч байгаатай холбогдуулан дараах албан ёсны тайлбарыг хүргэж байна.
Ардчилсан намын хэмжээнд зохион байгуулагдсан дотоод сонгуулийн үр дүнг 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр болсон Намын Их Хурал хэлэлцэн баталгаажуулж, 21 аймаг, 9 дүүргийн намын байгууллагын сонгуулийн үр дүнг хүчин төгөлдөрөөр хүлээн зөвшөөрсөн болно.
Үүний дараа тус Намын Их Хурлаас шинээр сонгогдсон Хяналтын Ерөнхий Хороо 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Д/04 дүгээр тогтоол гарган, Сүхбаатар дүүргийн дотоод сонгуультай холбоотой асуудлаар шийдвэр гаргасан нь намын гишүүдийн дунд тус сонгуулийн эрх зүйн байдлын талаар өөр өөр ойлголт үүсэх нөхцөл бүрдүүлээд байсан.
Энэхүү асуудлыг Ардчилсан намын Улс Төрийн Зөвлөл 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хэлэлцэж, Хяналтын Ерөнхий Хорооны Д/04 дүгээр тогтоолыг эрх зүйн зөрчилтэй болохыг дурдаад, 28 дугаар тогтоол гаргасан байна.
Цаашид Хяналтын Ерөнхий Хорооны дүрмийн бус шийдвэр гаргасан асуудал нь Ардчилсан намын дүрэмд заасан байгууллагуудаар зохих журмын дагуу үргэлжлэн хэлэлцэгдэх болно.
Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд намын сонгогдсон удирдлагууд бүрэн эрхийнхээ хүрээнд хэвийн ажиллаж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчид та бүхнийг баталгаагүй, нэг талыг барьсан мэдээлэлд үндэслэн дүгнэлт хийхгүй байхыг хүсье.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ
2026 оны 6 дугаар сарын 26