12/04/2024
CEO Club-ийн гишүүд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга нартай уулзлаа.
Тус уулзалтаар уурхайн салбарыг хөгжүүлэх, гаднын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн тогтвортой байдал нэн чухал байгаа талаар ярилцсан бөгөөд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд уул уурхайн компаниудад тавигдах нэгдсэн шаардлагуудыг сайжруулах тал дээр санал солилцлоо.
Гишүүдийн зүгээс дотоодын компаниуд, уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн төсөл эхлүүлэх, хөрөнгө оруулалт өөрсдийн хөрөнгөөр хийх, тогтвортой үйл ажиллагаа явуулах, өсөх, хөгжих боломжийг бүрдүүлэх суурь нь одоогийн хэрэгжиж байгаа орлогын албан татварын 25% болж шатлан нэмэгдэж байгаа 6 тэр бум төгрөгийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Уулзалтад CEO Club-ийн ерөнхийлөгч, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Энержи ресурс компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд, БСБ группийн ерөнхийлөгч Б.Жаргалсайхан, Онч компанийн ерөнхийлөгч Д.Ончинсүрэн, Опортюнити фандын гүйцэтгэх захирал Б.Батсайхан, УИХ-ын дэд даргын зөвлөх П.Батхишиг, Оюуны ундраа компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүн, Урбан группийн ерөнхийлөгч Д.Соронзонболд, Хан Алтай ресурс компанийн ТУЗ-ийн дарга Б.Гантулга нар оролцлоо.