26/06/2024
Эрхэм сонгогч таны энэ оройн амгаланг айлтгая!
2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа сүүлийн шатандаа орж, бид сонгох эрхээ эдлэх хариуцлагатай цаг хугацааны босгон дээр ирээд байна.
Өнгөрсөн найман жилд манай улс ардчилсан нийгмийг үнэлэх хамгийн чухал үзүүлэлт болох ардчилал, авлига, эрх чөлөөний индексээрээ ухарч, уруудсан харамсалтай он цаг өнгөрчээ.
Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ЖДҮ сангийн зээл, боловсролын сангийн зээл, ногоон автобусны хэрэгт төрд хамгийн эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай нь холбогдож ард түмний боломжоос их наяд, их наядаар нь хулгайлдаг болохоо батлан харуулсан.
Монголын ард түмэн оюунлаг, хөдөлмөрч, тэмцэгч, баялаг намтартай агуу их түүхийн эзэд билээ. Уур бухимдлыг нь хүргэж, тэвчээрийг нь тасалбал ямар ч улс төрийн хүчин, дарангуйлагчийг суудлаас нь ховхолж чадах ард түмнийг эрх баригчид хуурч чадахгүй ээ.
Зүүн төвийн үзэл баримтлалтай коммунист нам төрийн эрхийг удаан хугацаанд барих тусам хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг уландаа гишгэдгийн гашуун жишээг эрх баригч нам бидэнд харуулж байна. Энэ гажуудлыг өөрчлөх цаг нь болсон.
Ардчилсан нам АЛДАГДСАН НАЙМАН ЖИЛИЙН АЛДААГ ЗАСАХ чадвартай цорын ганц ажил хэрэгч улс төрийн хүчин юм. Баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан нам эдийн засгаа сэргээж хөгжилд хөтлөх “Эрчимт хөгжлийн 9+90+900 төлөвлөгөө”-г боловсруулснаас Баянгол дүүрэгт хэрэгжүүлэх “Баянгол тэргүүлэх 100” хөтөлбөрт улсын төсвийн зардал, татвар, ипотекийн зээлийн хүү зэргийг бууруулах талаар заалтуудыг тусгалаа.
Эрхэм сонгогч та ардчилсан нийгмийн үнэт зүйл гэдгээ дахин нэг удаа өөртөө сануулж сонголтдоо илүү хэрсүү хандаарай.
Коммунист, дарангуйлагч эрх баригчидтай хатуу хариуцлага тооцож, нэг намын ноёрхлыг таслан зогсоох цорын ганц хүч бол Таны Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрх билээ.
Дарангуйлалд цэг тавьж, бидэнтэй хамтдаа зогсоно гэдэгт итгэж байна. Танд амжилт хүсье, баярлалаа.
Таныг хүндэтгэсэн: УИХ-ын 9 дүгээр тойрог Баянгол дүүрэгт Ардчилсан намаас НЭР ДЭВШИГЧ Цэрэндуламын АЛТАНЦЭЦЭГ
#Баянгол100