Нийслэлийн Улаанбаатар театр нь үндэсний өв уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг олон нийтэд таниулан сурталчлах, хадгалан хамгаалах, залуу үеийнхэндээ өвлүүлэх зорилготой байгуулагдсан юм. Бид 2014 оноос дэлхийн болон өөрийн орны уран бүтээлчдийн бүтээлүүдээс урын сангаа баяжуулах, өнөө цаги
йн залуусын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрийн үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготойгоор менежментийн шинэчлэл хийж, ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрлүүдтэй хослуулан томоохон бүтээлүүд туурвиж эхлээд байна. Энэ хөтөлбөрийнхөө хүрээнд Ах дүү Гриммийн үлгэрээс сэдэвлэсэн "Анхны үнсэлт", "UB I LOVE YOU буюу Үйлсийн сайхан УЛААНБААТАР" мюзикл, МУУГЗ Л.Эрдэнэбулганы бүтээл алдарт "АЙ НАНАА" түүхэн дуулалт жүжиг, Дэлхийн хөгжмийн суут бүтээл И.Ф Стравинскийн "АРИУН ХАВРЫН ТАХИЛГА" этно балет, Монголдоо төдийгүй дэлхийд ур чадвар, авъяасаа толилуулсан Улаанбаатар чуулгын шилдэг хөгжимчдийн "5ive tones" тоглолт зэрэг олон олон уран бүтээлийг Нийслэлд сурч боловсорч хөдөлмөрлөдөг нийт иргэддээ хүргээд байна.
Өдгөө манай театерт МУГЖ С.Эрдэнэцэцэг, гоцлол дуучин МУГЖ С.Ганзориг, хийлч Ч.Дэлгэрцэцэг /Дээгий/ мэргэжлийн хөөмэйч, дуучид, бүжигчид, хөгжимчид, циркчдээс бүрдсэн 40 гаруй уран бүтээлч ажиллаж байна. Манай хөгжим ангийнхан "Хангарьд" үндэсний найрал хөгжим, "Хамаг монгол", "Их Монгол" зэрэг үндэсний хөгжмийн хамтлаг, "Хишигтэн", "Гэрэгэ" морин хуурын дөрвөл хөгжмийн хамтлагтайгаар уран бүтээлээ туурвиж, өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын 50 гаруй орноор айлчлан тоглож, уран бүтээлийн дээжээ хүргээд байна.
Цаашид театрын урын сангаа цаг үе, мэргэжлийн түвшиндөө уялдуулан шинэчлэн баяжуулсаар дуу, хөгжим, бүжгийн томоохон бүтээлүүдийг үзэгч олондоо толилуулсаар байх болно.