12/08/2026
#СБД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ:
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ
Цахим хуудаснаас унших: https://www.gov.mn/news/n/8279
Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс сургууль, цэцэрлэгүүд хүүхэд хүлээж авахаас өмнө дараах 5 үндсэн чиглэлээр бэлтгэл ажлыг бүрэн хангасан байх шаардлагатай.
1. ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
(Үндэслэл: Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2, Хүүхэд хамгааллын тухай хуулийн сургуулийн орчин дахь хамгаалал)
•Барилга байгууламж, тоглоомын талбайн үзлэг: Анги танхим, спорт заал, цахилгааны шүүгээ, сантехникийн шугам, сургууль/цэцэрлэгийн гаднах тоглоомын талбайн тоноглолд эрсдэлийн аудит хийж, эвдрэл гэмтлийг засах.
•Камержуулалт ба гэрэлтүүлэг: Сургууль, цэцэрлэгийн орчны хяналтын камеруудын тасралтгүй ажиллагааг шалгах, аюулгүйн хар цэгүүд болон коридор, биеийн заал, 00-ын орчимд гэрэлтүүлгийг хангалттай болгох.
•Барилгын засвар, химийн бодисын аюулгүй байдал: Засварын будаг, ариутгалын бодис, цэвэрлэгээний бодисыг хүүхэд хүрэхгүй тусгай өрөөнд түгжиж байршуулах. Засварын ажил бүрэн дуусаж, үнэр, будаг арилсан байх.
2. ДОТООД ЖУРАМ, ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫГ ШИНЭЧЛЭХ
(Үндэслэл: Хүүхэд хамгааллын тухай хууль)
•Хүүхэд хамгааллын бодлогыг батлах: Байгууллагын "Хүүхэд хамгааллын дотоод журам"-ыг шинэчлэн баталж, нийт багш, ажилчдад танилцуулан гарын үсэг зуруулж баталгаажуулах.
•Сургууль, цэцэрлэгийн "Хүүхэд хамгааллын хамтарсан баг"-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх: Нийтийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, багш нарын бүрэлдэхүүнтэй багийг шинэ хичээлийн жилд ажиллахад бэлэн болгох, жижүүрлэлтийн хуваарийг батлах.
•Эцэг эхийн гэрээ: Бага анги болон цэцэрлэгийн хүүхдийг зөвхөн эрх бүхий насанд хүрсэн хүнд хүлээлгэн өгөх, авч байх заалтыг "Эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээ"-нд тодорхой тусгах.
3. БАГШ, АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ БА СУРГАЛТ
(Үндэслэл: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 42 дугаар зүйл, Хүүхэд хамгааллын тухай хууль)
•Хуулийн мэдлэг олгох: Багш, ажилтан, тогооч, жижүүр, үйлчлэгч нарт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхэд хамгааллын хуулийн дагуу "Мэдээлэх үүрэг"-ийн талаар сургалт орох.
•Хүчирхийлэл, бэртлийг илрүүлэх ажиллагаа: Багш нар хүүхдийн биед учирсан бэртэл, зан төлөвийн өөрчлөлт, гэр бүлийн хүчирхийллийн шинж тэмдгийг хэрхэн ажиглаж, мэдээлэх журамтай бүрэн шат дараатай танилцсан байх.
•Ёс зүйн хэм хэмжээ: Багш, ажилтнууд хүүхэдтэй харилцахдаа сэтгэл зүйн болон бие махбодын хүчирхийлэл, үг хэлээр доромжлох үйлдэл гаргахгүй байх ёс зүйн амлалт авах.
4. ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БА БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ
(Үндэслэл: Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл)
•Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг: Цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдийн эрүүл мэндийн болон паразит хорхойн шинжилгээ, үзлэгийг зохион байгуулалттай, дараалалгүй хийх орчныг бүрдүүлэх.
•Аюулгүй маршрутын зураглал: Сургуулийн орчны явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг орон нутгийн Цагдаа болон Замын хөдөлгөөний төлөвлөлтийн байгууллагатай хамтран шалгаж, шаардлагатай тэмдэглэгээг сэргээлгэх.
5. ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН САНАМЖ БА ХАРИУЦЛАГА
(Үндэслэл: Зөрчлийн тухай хууль)
Боловсролын байгууллагын удирдлага болон багш, ажилтнууд дараах хууль ёсны хариуцлагыг чанд анхаарч ажиллах шаардлагатай:
1. Мэдээлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд (Зөрчлийн тухай хууль): Багш, нийгмийн ажилтан, эмч, сургуулийн удирдлага нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн, эсхүл өртөж hugж байгаа талаар мэдээллийг холбогдох байгууллагад (108, Цагдаа) мэдээлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах ба сахилгын шийтгэл судална.
2. Аюулгүй орчин бүрдүүлээгүй тохиолдолд: Сургууль, цэцэрлэгийн орчинд сургалтын үйл ажиллагаа болон тоглоомын явцад хүүхдийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирвал байгууллага болон буруутай албан тушаалтанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
ХОЛБОО БАРЬЖ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭХ УТАСНУУД (Байгууллага дээр ил байршуулах):
•Хүүхдийн тусламжийн утас: 108
•Цагдаагийн тусгай дугаар: 102
•Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар / Сургуулийн нийгмийн ажилтны контакт.