03/08/2026
🤱 Жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоногийг Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног болгон тэмдэглэдэг. 2026 онд тус долоо хоногийг "Эхийн сүүгээр хооллолт – Амьдралын эрүүл эхлэл: Үр дүнтэй арга хэмжээг тогтвортой хэрэгжүүлье" уриан дор зохион байгуулж байна.
✅ Энэ хүрээнд зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др Сокоро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Шадар суурин төлөөлөгч хатагтай Ян Му, Хүрээ амаржих газрын Төрөх тасгийн эмч М.Цэгмид, мөн хөхүүл эхчүүдийг төлөөлөн Д.Лхагвасүрэн нар оролцлоо.
✅ Хэвлэлийн бага хурлын үеэр эхийн сүүгээр хооллолтын ач холбогдол, үндэсний хэмжээнд хийгдсэн судалгааны үр дүн, түүний мөрөөр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцууллаа.
✅ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийг төрсний дараах эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах, эхний зургаан сард зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллох, цаашид насанд нь тохирсон нэмэгдэл хоолтой хослуулан хоёр нас болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хөхүүлэхийг зөвлөж байна.
✅Эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих нь хүүхэд бүрийг амьдралын эрүүл эхлэлээр хангаж, эрүүл өсөлт, хөгжил, ирээдүйн сайн сайхан байдлыг дэмжих хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын нэг юм.
🤱 Эхийн сүүгээр хооллолтыг дэмжихэд хүн бүрийн оролцоо чухал.
#ЭхийнСүүгээрХооллолт #ЭрүүлЭхлэл