10/08/2026
ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД СУРГАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
🔹Стандарт, хэмжил зүйн газар болон ОХУ-ын Техникийн зохицуулалт, хэмжил зүйн агентлагийн хооронд байгуулсан 2026–2028 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Евразийн эдийн засгийн холбооны хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, сүүн бүтээгдэхүүнд мөрдөгдөх техникийн зохицуулалт (TR/CU)-ын талаар цахим сургалтыг 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хамтран зохион байгуулж, Монголын талаас 60 гаруй төлөөлөгч хамрагдсан.
✍️ Мөн 2026 оны 5 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд "Оросын Холбооны Улс болон Евразийн эдийн засгийн холбооны техникийн зохицуулалтын систем: өнөөгийн байдал ба хөгжлийн чиглэлүүд", "Техникийн зохицуулалт ба стандартчиллын онцлог (ноолуур)" сэдвээр цахим сургалтыг амжилттай зохион байгуулсан.
✅Цаашид Худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоонд мөрдөгдөж буй техникийн зохицуулалт, стандарт дахь аюулгүй байдал болон техникийн шаардлагын үзүүлэлтүүдийн нийцлийг харьцуулан судлах;
Хоёр талын худалдаанд мөрдөгдөж буй техникийн зохицуулалт, стандартыг харилцан зөвшөөрөхтэй холбоотой арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
Шинжилгээний аргын стандарт, аргачлал, түүний үр дүн, дүгнэлтийг харилцан зөвшөөрөх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх;
Тохирлын мэдэгдэл (Декларирование соответствия)-ийг харилцан зөвшөөрөх тогтолцоог бүрдүүлэхтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх.
🔹Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд харилцан нийлүүлэх 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн экспортлох, импортлох аж ахуйн нэгж, байгууллагуудад Стандарт, хэмжил зүйн газар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шаардлагатай мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэн ажиллана.
🔹Иймд Монгол Улсаас Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад экспортлох, эсвэл Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад импортлох 367 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллээ урьдчилан Стандарт, хэмжил зүйн газарт ирүүлснээр тухайн бүтээгдэхүүнд хамаарах техникийн зохицуулалт, стандартын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг шуурхай хүргэж, үйл ажиллагаанд тань бодит дэмжлэг үзүүлэх боломжтой.