Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар Монгол Улсаас ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газар

19/08/2026

🇲🇳 Байгаль нуурын марафонд Монголын тамирчин Бат-Эрдэнийн Гансүх түрүүллээ

Оросын Байгаль нуурын эрэгт зохион байгуулагдсан “Цэвэр Байгаль” олон улсын марафонд найман улс, ОХУ-ын 41 бүс нутгаас 1900 орчим тамирчин оролцож, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорилоо.
Энэ удаагийн марафонд оролцогчид 3-аас 42.2 километрийн дөрвөн зайд болон багийн буухиа төрөлд өрсөлдсөн байна.
Харин эрэгтэйчүүдийн хамгийн холын буюу 42 км 195 метрийн марафонд Монгол Улсын тамирчин Бат-Эрдэнийн Гансүх гайхалтай амжилт үзүүлж, нийт тамирчдыг тэргүүлэн үнэмлэхүй аварга болжээ. 🇲🇳🏆
Тэрээр марафоны бүтэн зайг ердөө 2 цаг 20 минутад туулж, Байгаль нуурын эрэг дээр Монголынхоо нэрийг өндөрт өргөсөн байна.
Байгаль нуурын хүйтэн салхи, холын зам, хүнд сорилтыг ажралгүй туулсан Гансүхийн энэ амжилт Монголын тэсвэр, хурд, зорилгын хүчийг харуулсан бахархам мөч боллоо.

Монголын тамирчин — Байгаль нуурын марафоны аварга! 🇲🇳🥇

19/08/2026
19/08/2026

-Монгол Улсын Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Ням-Осорын Учрал,

- Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн дэд сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 16 дугаар чуулганы дарга, эрхэмсэг доктор Осама Ибрахим Факиха,

- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад,

- Эрхэм хүндэт төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын арван долдугаар чуулганы даргын эрхэм үүрэг миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй та бүхнээс хүлээлгэсэн өндөр итгэл гэдгийг гүнээ ухамсарлаж байна.

Энэ өглөө Монгол оронд цаг агаар тогтуун байж, сэрүүн сэргэг агаартай угтлаа. Монголчууд аливаа их үйлсийн эхэнд тэнгэр хангай ивээхийг ажил үйлс өлзий дүүрэн бүтэхийн шинж хэмээн бэлгэшээдэг уламжлалтай.

Энэ сайхан бэлгэ дэмбэрэл ёсоор манай хурлын бүх яриа хэлэлцээ, эх дэлхийгээ хамгаалах, экосистемийг нь сэргээх, энгүй үзэсгэлэнтэйгээр нь ирээдүй хойчдоо өвлүүлэх гэсэн та бидний нийтлэг зорилго, хамтын хариуцлага улам нэгдэн нягтрах болтугай.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын бага хурлыг эх орондоо анх удаа зохион байгуулж байгаа нь бидний хувьд бахархалт үйл явдал. Энэхүү түүхэн чуулган Монгол Улсын хувьд нэн чухал ач холбогдолтой НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд болж буйд бид онцгойлон баяртай байна. Учир нь цөлжилт, газрын доройтол, гангийн үр дагавар бидний хувьд холын сураг бус, амьдралд бодитоор тулгарч буй асуудал, сорилт билээ.

Өнөөдөр төр засаг, олон улсын байгууллага, шинжлэх ухааны салбар, иргэний нийгэм, хувийн хэвшил, залуучууд, нутгийн иргэд, малчид зэрэг олон талын төлөөлөл нэг дор хуран цугласныг харахад нэн урамтай байна. Бид соёл, уламжлал ондоо өөр өөр нутгаас ирсэн ч эх дэлхийгээ хайрлах сэтгэл, амьдран оршихуйн үндэс болсон газар шороогоо сэргээн тэтгэх хүсэл зоригоороо нэгдэж байгаа.

Миний бие энэ чуулганы дарга гэдэг эрхэм үүргийг даруу хүндэтгэл, гүн хариуцлагатай хүлээн авч, бүх Талуудад тэгш хандаж, тэдний нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстойг гүнээ ухамсарлаж байна.

Монгол Улс энэхүү чуулганыг алив саадгүй, бүхний оролцоог хангасан, ил тод явуулахын төлөө бүхий л хүчин чармайлтаа гаргана. Бид та бүхний байр суурийг хүндэтгэн сонсож, яриа хэлэлцээг төвч байр сууринаас чиглүүлэн, зөвшилцөлд хүргэхийн төлөө уйгагүй зүтгэх болно.

Энд хүрэлцэн ирсэн төлөөлөгч бүр хамтын үйлсэд хувь нэмрээ оруулж, үг бүр нь сонстож, үзэл санаа бүр нь тусгалаа олох таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид ажиллана. Олон талт хамтын ажиллагааны хүч чадал нь та бид огт санал зөрөлдөөнгүй байхад бус, харин тэрхүү ялгаатай байр сууриа яриа хэлэлцээгээр ойртуулж, нийтлэг зорилго, хамтын үйл хэрэг болгон хувиргах чадварт оршдог. Иймд, хөрст дэлхийгээ сэргээж, итгэл найдвараа бадраая.

Цөлжилт, хөрсний доройтол, ган гачигттай хийх тэмцэл нь угтаа бол итгэл найдварын илэрхийлэл юм: Хүн төрөлхтөн байгаль дэлхийдээ зохицож, хөрс шороо, ой мод, бэлчээр, усан мандлаа хамгаалж, бултаараа баталгаатай, үнэ хүндтэй амьдарч, ирээдүй хойчийг маань өлгийдөн тээж, өсгөн хөгжүүлэхүйц эх дэлхийг нь өвлүүлэхийн төлөөх итгэл билээ.

Газрын хөрсийг сэргээнэ гэдэг байгаль хамгаалахаас илүү өргөн утгатай. Энэ бол хүн төрөлхтний сөрөн тэсвэрлэх чадвар, хөгжил цэцэглэлт, энх тайван, сайхан амьдралын төлөөх хөрөнгө оруулалт юм.

Монгол Улс энх тайван, олон талт яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан хүндлэлд тулгуурласан олон тулгуурт гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Бид бүтээлч зүтгэл, энх тайванч хамтын ажиллагааг эрхэмлэж, улс үндэстнүүд эвлэлдэн нягтрахын үнэ цэнд итгэдэг.

Улс орнуудыг дамнасан сорилтыг тэдгээр орны хамтын ажиллагаагаар л давж чадна гэсэн энгийн боловч итгэлтэй зарчим манай гадаад бодлогод буй. Өөрөөр хэлбэл, голыг нь олсон, даацтай, хүртээмжтэй шийдэл олоход олон талт байгууллагуудын үүрэг нэн чухал хэвээр байна.

Хөрсний доройтол, цөлжилт зэрэг асуудал аль нэг улсаар хязгаарлагдахгүй. Үр дагавар нь хил дамнан тархаж, эдийн засаг, ард иргэдийн амьжиргаанд нөлөөлж, хүнс, усны хангамж, аюулгүй байдалд заналхийлж, нийтээр нь тогтворгүй байдалд хүргэдэг.

Иймээс COP17 нь олон улсын хамтын ажиллагааны давуу талыг бодитоор харуулах боломж билээ. Шинжлэх ухаан, технологийн ололтыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглах, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжтой шинэ шийдлийг дэмжин урагшлуулах, шаардлагатай хөрөнгө нөөцийг олж гаргах, улмаар Конвенцыг үр дүнтэй хэрэгжүүлэх хамтын амлалтаа бататгах боломж юм.

Монголчуудын хувьд нүүдлийн соёл иргэншил олон зууны туршид бэлчээр, ой мод, гол мөрөн, усны нөөц гээд хүрээлэн буй байгальтайгаа амин холбоотой төлөвшин хөгжиж ирсэн. Газар дэлхийгээ хайрлаж байж үр шимийг нь хүртэнэ гэдэг хариуцлагатай ухамсар бат шингэсэн байдаг.

Өнөөдөр ч Монгол Улс экосистемээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, хөрс усаа сэргээх, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, иргэд, олон нийтийн сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэхээр үндэсний хэмжээнд олон санаачилга гаргасан. Эдгээр нь эх дэлхийгээ хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж буйн илэрхийлэл юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхий сайдын эхлүүлсэн “Чөлөөлье” санаачилга болон саяхан батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль нь дээр дудрсан чармайлт, хүсэл зоригийн бодит илэрхийлэл юм.

Түүнчлэн Монгол Улс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачилсан. Энэ нь эрүүл соргог бэлчээрийн үнэ цэнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх, бэлчээрийг тогтвортой ашиглан хамгаалж, сэргээн тэтгэх үйлсийг урагшлуулах, дэлхийн өнцөг булан бүрийн малчдын уламжлалт мэдлэг, амьдралын хэв маяг, зүтгэлийг үнэлэн хүндэтгэхэд чиглэсэн чухал алхам болсон билээ.

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Бидэнд асар том хариуцлага ногдож буй ч түүнээс дутуугүй өргөн боломж нээлттэй байна.

Энэ чуулганы амжилт бидний баталсан шийдвэрийн тоо төдийхнөөр хэмжигдэх учиргүй. Харин тэр шийдвэрүүд хэр уудам газар орон, хичнээн олон хүн зоны амьдралыг сайжруулж, хойч үе маань үлгэрлэн дагах ямар бодит өөрчлөлт авчирснаар хэмжигдэнэ.

Та бүхнийг COP17-доо амжилттай оролцохыг урьж байна. Үр дүнтэй зөвлөлгөөн, бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, хамгийн чухал нь, бүх Талын тэгш оролцоог хангаж, ашиг сонирхолд нь нийцсэн тэнцвэртэй, өндөр зорилго, гүн агуулгатай, бодит үр дүнд хүрэхийг хүсэн ерөөе.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

19/08/2026

✔️2026 оны наймдугаар сарын байдлаар Сүхбаатар боомтоор 31,344 тонн Аи-92 автобензин ирэв.

✔️Монгол Улсын төмөр замын салбар импортын нефтийн бүтээгдэхүүнийг хилээр орж ирсэн даруйд нь шуурхай тээвэрлэх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

19/08/2026

ГЭГЭЭН ХУВИРЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХИЙД, ПОСОЛЬСКОЕ ТОСГОН

(Орос орон өнөөдөр сэтгүүлээс)

Гэгээн Хувирлын эрэгтэйчүүдийн хийд, Посольское тосгон
1681 онд Оросын Үнэн алдартны сүмийн Орон нутгийн хурлаас Сэлэнгийн Гэгээн Гурвалын (Свято-Троицкий) эрэгтэйчүүдийн хийдийг үндэслэн байгуулжээ.

Бараг 150 жилийн турш тус хийд нь Өвөр байгалийн оюун санааны төдийгүй засаг захиргааны хамгийн чухал төв байсаар ирсэн. Байгаль нуурын хөлөг онгоц зогсоход тохиромжтой "Прорва" булангийн ойролцоо орших ашигтай байршил нь XVII зуунд Элчингийн (Спасо-Преображенский Посольский) хийд болон түүний дэргэдэх боомт болон тосгоныг Оросоос Ази-Номхон далайн бүс нутаг руу гарах үүд хаалга болгон хувиргажээ. Ар байгалиас Өвөр байгаль руу, Амар мөрнөөс Алс Дорнод хүртэл, мөн түүнчлэн Хятад, Монгол руу чиглэсэн олон хүмүүс, түүний дотор төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, цэргийнхэн, шинжлэх ухаан, соёлын зүтгэлтнүүд, худалдаачид болон тариачид тус хийдийн боомтоор дамжин өнгөрдөг байв. Зун, өвлийн аль ч улиралд тус хийд нь хэргэм зэрэг үл харгалзан бүх хүмүүст хоног төөрүүлэх газар (странноприимница) болж, цаг агаарын таагүй байдлын улмаас саатсан хүмүүсийг орон байр, хоол хүнсээр хангадаг байв. 1689 оноос хойш Посольское тосгоноор Оросоос Хятад руу худалдааны жингийн цуваа явдаг алдарт "Цайны зам" дайран өнгөрөх болжээ.

XIX зууны дунд үе хүртэл энэхүү газар нь Оросоос Хятад руу чиглэсэн бүх элчин төлөөлөгчдийн зогсоол, мөн Байгаль нуур болон түүний орчмын нутаг дэвсгэрийг судлах шинжлэх ухааны экспедициудын тулгуур цэг болж байв. Посольское тосгон нь Оросоос Хятадын хил хүртэлх шуудан, худалдааны харилцааны эхлэл цэг болдог байжээ.

Зөвлөлт засгийн эхний жилүүдэд тус хийд нь хөдөө аж ахуйн артель хэлбэрээр оршин тогтнож байсан боловч 20-иод эцсээр хаагдсан. Харин хийдийн барилгыг хэсэг хугацааны турш дугуйлан, сургуулийн зориулалтаар ашиглаж байсан ч 1936 онд модон болон чулуун барилгуудын зарим хэсгийг нурааж, Кабанскийн Техник, тракторын станц барихаар зөөвөрлөсөн байна. 40-өөд онд Буриадын ЗСАБНУ-ын Нийгэм хангамжийн яамны хүүхдийн асрамжийн газар тус хийдийн байранд байрлаж байсан бол 1961 онд хийдийн уран барилга, түүхийн цогцолборыг холбооны ач холбогдолтой дурсгалт газарт тооцох болжээ. Урт хугацааны туршид хийдийн нутаг дэвсгэр дээр өвчтэй хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлэх тасаг байрлаж байсан юм.
1995 онд хийдийн Гэгээн Николагийн (Свято-Никольский) сүмд үнэн алдартны шашны нэгж (приход) байгуулагджээ. 2000 онд хамба лам Евстафий Читийн хамбын ширээнд заларснаар тус нэгжийг хийд (монастырь) болгон өөрчилсөн байна. Ийнхүү Байгаль нуурын эрэг дээрх хамгийн эртний хийдэд лам хуврагуудын амьдрал дахин сэргэж эхэлжээ.

#Оросоронөнөөдөр

19/08/2026

Алексей Цыденов жуулчдад зориулсан ОХУ-ын буддын шашны нэгдсэн аяллын газрын зураг бий болгох санал гаргав 🗺️

Буриадын Бүгд Найрамдах Улсын тэргүүн Алексей Цыденов Кызыл хотноо болсон Буддын шашны IV олон улсын форумын үеэр ОХУ-ын хэмжээнд буддын шашны аялал жуулчлалын нэгдсэн газрын зураг бий болгох санал дэвшүүлжээ.
Түүний санал болгож буй интернет платформоор дамжуулан хүссэн хүн Буриад, Тува, Халимаг болон ОХУ-ын бусад бүс нутгийн дацан хийдүүдээр аялах аяллын маршрутаа сонгох боломжтой болох юм.
Мөн Цыденов буддын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх асар их боломж байгааг онцолсон байна. Түүнчлэн тэрээр өмнө нь Оросын буддын шашинт залуучуудын холбоо байгуулах санаачилга гаргаж байжээ.
“Буриад бол олон үндэстэн, олон шашинт бүгд найрамдах улс. Манай нутагт буддын шашинтнууд, үнэн алдартны шашинтнууд болон бусад уламжлалт шашны төлөөлөл зэрэгцэн оршиж, эв найрамдалтай амьдардаг. Бид уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалахын зэрэгцээ бие биедээ хүндэтгэлтэй хандаж, энх тайван, харилцан ойлголцлыг эрхэмлэдэг. Энэ бол бидний бусадтай хуваалцаж болох чухал туршлага юм” хэмээн Алексей Цыденов онцолжээ.

Эх сурвалж: Алексей Цыденов

Address

Ulan-Ude

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+73012220499

Alerts

Be the first to know and let us send you an email when Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Organization

Send a message to Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар:

Shortcuts

Share